
Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоц Куала Лампураас хөөрснөөс цагийн дараа радарын дэлгэцнээс алга болж, сураггүй болсон билээ. Тэгвэл Бээжинг чиглэн хөөрсөн онгоц чиглэлээ өөрчилж, буцаж эргэсэн байж магадгүй гэх таамгийг радарын дэлгэцний бичлэгийг судалж буй шинжээчид “Reuters”-т мэдээлжээ. Малайзын албаныхны зүгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. 239 хүнтэй Малайзын агаарын тээврийн онгоц өчигдөр өглөө 6:30 цагт Хятадын нийслэл Бээжинд газардах ёстой байсан ч одоог болтол сураггүй байгаа билээ.
Үүний зэрэгцээ сураггүй болсон онгоцыг хайж буй Малайз, Вьетнам, Хятадын хамтарсан эрлийн багийнхан самналтын хамрах хүрээг өргөтгөн, өнөөдөр /III.9/ Малайзын баруун эргийг хамруулан хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Түүнчлэн өчигдөр /III.8/ сураггүй болсон онгоцыг Вьетнамын эрэгт осолдсон гэсэн мэдээлэл цацагдсан боловч тэр газраас онгоц осолдсон байж болох ул мөр олоогүй байна.
Б.АНХТУЯА