Ливи Хойд Солонгосын тугтай хөлгийг бөмбөгдөнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.09-нд нийтлэгдсэн

Ливи Хойд Солонгосын тугтай хөлгийг бөмбөгдөнө гэв

Ливийн Засгийн газраас тус улсын зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдад барьцаалагдсан Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлгийг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлжээ. Учир нь Ливийн Засгийн газрын зүгээс зүүн эрэг дэх салан тусгаарлагчид Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлгийг ашиглан хууль бус тээвэрлэлт хийх вий хэмээн санаа зовниж буй аж. Ливийн Ерөнхий сайд Али Зейдан Хойд Солонгосын далбаатай хөлгийг тус улсын далайг нэн даруй орхихгүй бол агаараас бөмбөгдөх юм уу, тэнгисийн цэргээр дайрна гэж мэдэгсэн байна. Ливийн албаныхны зүгээс Хойд Солонгосын далбаатай хөлгийг тус улсын далайгаас хурдан гарахыг анхааруулсан боловч хөлгийн ахмад зэвсэгт барьцаалагчид тэднийг явахыг зөвшөөрөхгүй байгааг мэдэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Ливийн зүүн эрэгт өөрийгөө тунхагласан Киренаикагийн салан тусгаарлагчдын зүгээс “Ливи болон бүх дэлхийд хандан бид газрын тос экспортлож эхэлснийг зарлаж байна” гэсэн мэдэгдэл хийжээ. Түүнчлэн АНУ-ын зүгээс Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлөгтэй холбоотойгоор Ливийн засгийн газарт хандан хууль бусаар тээвэрлэлт хийвэл олон улсын хориг арга хэмжээтэй нүүр тулахыг анхааруулсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж