Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан БОНХЯ-наас “Ус-эрчим хүч” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулахаар болжээ. НҮБ-аас 2014 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Эрчим хүч” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн IX бага хурлыг зохион байгуулахаар салбар яамнаас ийнхүү шийдвэрлэжээ.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Mонгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал, усан цахилгаан станц болон байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.
Хурал энэ сарын 21-ний 14 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (E-604)-д болох юм байна.
Д.БҮҮВЭЙ