Эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзав

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга эмэгтэйчүүдэд хандан энэ 2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгааг онцлов.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас эдгээр асуудлаар хүн ам, нийгмийн бүхий л төлөөллийн саналыг тусгах зорилгоор янз бүрийн түвшинд уулзалт, хэлэлцүүлэг явуулж байгаагийн нэг нь өнөөдөр болсон уулзалт юм. Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад настан, эмч, багш, малчин, хилчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан, бүсгүйчүүд өөр өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон монголын нийт гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгалаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд ажил мэргэжлээрээ тэргүүлэхийн зэрэгцээ нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд өндөр идэвх санаачлага гарган оролцдог байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөрийн санаачлагаар протезын үйлдвэр нээн үйл ажиллагааг нь амжилттай явуулж байгаа бизнес эрхлэгч О.Оюунцэцэг хамгийн сүүлийн үеийн технологийг монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Хилчин эмэгтэй Л.Лхагвацэрэн “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” ТББ байгуулан гэр бүл, хүүхдийн асуудлаар сургалт зохион байгуулж, гэр цэцэрлэг төслийг хэрэгжүүлсний дээр 2012-2016 онд онд хилчдийн гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутан А.Цэнгүүн өнөөдрийн сургалтын хөтөлбөрт онол хэт давамгайлж, практик дээр дадлагажуулах сургалт сул байгааг Улсын Их Хурлын даргад анхааруулахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөдөр хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэлж буйд талархал илэрхийлээд тэдэнд удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, гарын бэлгээ гардуулан ажлын амжилт, аз жаргал хүсэн ерөөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж