УИХ-ын дарга ҮАГ, Монголбанкны үйл ажиллагаатай танилцлав

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ҮАГ, Монголбанкны үйл ажиллагаатай танилцлав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр үдээс хойш Үндэсний аудитын газар, Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга эхлээд Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж санал солилцов.


  Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын даргад товч танилцуулахдаа тус газар Төрийн аудитын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор байгууллагын бүтцийн схемээ батлуулан босоо хяналтын зэрэгцээ чанарын аудит хийдэг, тайлангаа аудитын зөвлөлөөр хэлэлцдэг зохион байгуулалтад орсон. Шинэ бүтэц нь чанарын удирдлагын шинэ тогтолцоог хангаж байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн тус газар энэ оныг байгууллагынхаа хэмжээнд чанарын жил болгон зарлаж, чанарын удирдлагын шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сайн чанарын тайланг Улсын Их Хуралд танилцуулах гол зорилттой ажиллаж байгааг дурдав.

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд дараа нь Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын дарга төв банкны удирдлагуудтай уулзах үеэрээ төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр өгөөжийн талаар зарим зүйлийг тодруулж, санал солилцсон юм.

  Уулзалтын үеэр дээрх байгууллагын удирдлагууд байгууллагынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэхтэй холбогдсон зарим саналыг Улсын Их Хурлын даргад уламжиллаа.

  Улсын Их Хурлын даргыг эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцахад Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, зөвлөх З.Нарантуяа, Ц.Буянцогтоо нар дагалдан явлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж