Д.Эрдэнэбат: Аймаг дамжиж мөнгө авдгийг зогсоох ёстой

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Аймаг дамжиж мөнгө авдгийг зогсоох ёстой

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгуудад хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтын дүгнэлтийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ширүүхэн шүүмжлэлийг сөрөг хүчинд дайв. Түүний тайлбарласнаар барилга обьектуудын үнэ анхныхаасаа хэд дахин өссөн нь өмнөх Засгийн газрын үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас гаргасан тогтоолтой холбоотой тул түүнийг хүчингүй болгох ёстой гэнэ. Мөн Монгол Улсын эдийн засаг 2011, 2012 онд өсөлттэй байсан ч олсныгоо иргэдэд 21 мянган төгрөг болгож тараасан бол нөгөө хэсгийг өнөөдөр ярьж байгаа хариуцлагагүй хөрөнгө оруулалтад хийж дуусан тул алдааг давтах учиргүй гэлээ. Түүнчлэн цаашид анхаарах ёстой хэд, хэдэн асуудал бийг дараах жишээгээр тайлбарлав.

Тэрээр “Булган аймагт “Төмөр хүлэг” гэх компани дөрвөн суманд барилга барих эрх авчихаад бүгдийг нь сэглэж хаяад олдохоо байсан.  Төрийн мөнгийг хулгайлаад явсан компанийн араас хэн ч санаа зовж хайгаагүй. Мөн  Булган аймгийн Сэлэнгэ мөрөн дээр явган хүний гүүрийг 2 тэрбум гаруй мөнгөөр барина гэсэн. Ямар ч төлөвлөлт байхгүй. Мөрөнгийн цаана байгаа багийн иргэдийг аймгийн төв рүү оруулна гэсэн тайлбар хийж байгаа юм. Харамсалтай нь энэ гүүр баригдаж дуусаагүй. Тийм учраас нэг бол багийн иргэдийг голын цаана байгаа  суманд нь харьяалуулах. Эсхүл нэг мөсөн автомашин гарах хүчин чадалтай гүүр болгон барих хэрэгтэй. Үүнтэй адилхан жишээ Орхон аймагт ч гарсан.  Багийн соёлын төвийн барилгыг шаталсан суудалтай,симфони оркестор тоглох ганцхан цонхтой театр байсан. Иргэд нь бөөн бухимдал. Ахмад настнууд нь бидэнд симфони оркесторын тоглолт хэзээ ирэх билээ гэсэн зүйл ярьж байгаа юм.  Ийм хөгийн хөгийн зүйл хийж байгааг яамдууд анхааралдаа авах хэрэгтэй.
 
Хоёрт, олдохгүй алга болсон компаниудыг шууд нэрлэе. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төсөл нэрээр “Алтайн цэг” гэдэг компани шалгарсан ч зургаа ч гаргаагүй буудлаа ч бариагүй мөнгө ч үгүй болсон. Хэдэн жил дамжсан ч хойноос нь хэн ч хөөцөлдөөгүй. Хөвсгөл аймагт  Бохир усны шугамын шинэтгэл гэх нэрийн дор хамгийн хуучин технологиор зураг хийсэн байх жишээтэй. Хэдэн метр трубо тавиад орхисон. Үүнийг “Хөвсгөл геологи” гэдэг компани  хийсэн. Уг компани Хөвсгөл аймагт хийсэн зургаараа Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын барилгыг эхлүүлсэн. Хана босгоод дээвэрлээд орхисон. Ийм байж болох уу. Хамгийн төлөвлөлтгүй том жишээний нэг Сэлэнгэ аймагт мөн байсан. Таван тэрбумын өртөгтэй усан бассейн барихаар тендэр авсан хэрнээ одоо дахиад дөрвөн тэрбум төгрөг төсвөөс нэхэж байна. Энэ усан бассейн үнэхээр хэрэгтэй юм уу. Үүнийхээ оронд хүүхдийн цэцэрлэг, сургууль барьж болдоггүй юм уу гэдгийг би сануулж хэлсэн. Зарим хөрөнгө оруулалтыг орон нутагт нь шилжүүлэх эрхийг УИХ тогтоолоор баталгаажуулах хэрэгтэй.

Аймаг улс дамжиж хэдэн тэрбумаар нь төрийн мөнгийг хусчихаад хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоох хэрэгтэй.  Энэ бол зарчмын асуудал.
Гуравт орон нутгийн компаниудыг бий болгож, тэнд ажлын  байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Яахлаараа төвөөс очсон цүнхтэй компанийг дэмжих ёстой юм.  Тогтоол дээр нэлээд нарийн зүйлийг байнгын хороо анхаарах хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм. Эл саналтай УИХ-ын бусад гишүүд ч санал нэг байгаагаа хэлсэн.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндэсний аудитын газар 2014 оны төсөвт суулгахаар оруулж ирсэн обьектуудынхаа үндэслэлүүдээ тайлбарлах ёстой. Мөн хойшлуулсныг ч хэлэх хэрэгтэй.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн бүс нутгийн бодлого гээд олон үндэслэлүүдээр бид төсөвт хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг тусгадаг. Гэтэл Ховдын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг цэвэрлэх байгууламж, био технологи нутагшуулах,  ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх төслийг хойшлуулсан байна. Яагаад хойшлуулсан юм бэ гэдэгт хариулт шаардав.

Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол Ховдод баригдахаар төлөвлөгдсөн арьс шир цэвэрлэх байгууламжийн зураг, төсөв, ТЭЗҮ-ийг тодорхойлсны дараа төсөв нь яригдах учиртай гэнэ. Мөн газрын асуудал шийдэгдээгүй өөрчлөгдөж байсан нь бас нөлөөлжээ.
Онцлоход, Аудитын газрын шалгалтад хамрагдсан төслүүдээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объект 2014 онд ашиглалтад орох боломжтой аж.
Мөн Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх шаардлагатай 121.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зам гүүрийн 15 төсөл, Төсвийн болон барилгын тухай хууль зөрчсөн, техникийн нөхцөл бэлэн болгосны үндсэн дээр 2015 оны төсөвт тусгах 81 төсөл арга хэмжээ бий тухай энэ үеэр яригдлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж