
Хойд Солонгос өнгөрсөн мягмар гаригт /III.4/ хэд хэдэн пуужин харвасан билээ. Тэгвэл Хойд Солонгосын харвасан пуужин Хятадын иргэний агаарын тээврийн онгоцыг мөргөх дөхсөн байна. Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хойд Солонгосын сануулгагүй харвасан пуужин “China Southern Airlines”-ийн “CZ628” чиглэлд нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн онгоцны замыг дайран өнгөрч, “маш аюултай нөхцөл байдал үүссэн” гэнэ.
Хятадын “Airbus 321” онгоц Японы Нарита нисэх онгоцны буудлаас Шэньян хотыг зорьж явахдаа 16:24 минутын үед Хойд Солонгосын пуужинтай ойрхон зөрж өнгөрчээ. Хойд Солонгос нь 16:17 цагт пуужин харвасан бөгөөд Хятадын онгоцтой зургаан минутын зайтай зөржээ. Тухайн үед Хятадын “Airbus 321” онгоцонд 220 зорчигч, нислэгийн багийн хамт зорчиж явсан аж.
Хятадын батлан хамааглах яамны төлөөлөгчийн зүгээс “Хойд Солонгосын энэ мэт өдөөн хатгасан үйлдэл нь олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа болон энгийн иргэдийн аюулгүй байдалд аюул заналхийлсэн ноцтой үйлдэл” хэмээн мэдэгджээ.