Иргэдийг эх сурвалжтай холбосон уулзалт

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Иргэдийг эх сурвалжтай холбосон уулзалт

-УИХ-ын гишүүн Л.Болд тойргийн иргэдтэй хийсэн уулзалтдаа нийслэлийн удирдлагуудыг урьж, тулгамдсан асуудлаар санал солилцох боломжийг бүрдүүлсэн юм-

УИХ-ын гишүүн Л.Болд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдтэй /3-4-нд/ уулзалт хийж, энэ үеэрээ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Гэр хорооллын хөгжлийн газрын удирдлагууд, нийслэлийн газрын харилцааны мэргэжилтнүүдийг урьж авчран иргэдэд эрэлт, хэрэгцээтэй байгаа мэдээллийг нь хүргэх, санаа бодлыг нь сонсох нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн хувьд Нисэх, Яармаг, алслагдсан хороод Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатын гэр хороололд нийт иргэдийнх нь 40 орчим хувь нь оршин суудаг. Энэ оны хувьд Яармагийн гурван хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд багтаад байгаа юм. Энэ бүс нутагт амьдарч байгаа айл өрхүүдийн хувьд хэд хэдэн асуудалд анхаарч үзнэ үү гэдэг санал, хүсэлтээ УИХ-ын гишүүн Л.Болдын бие төлөөлөгчийн газарт хандан ирүүлч байгаа. Нэгдүгээрт, өрхөд 0.07 га газар өмчлүүлэх хууль хэрэгжихээс өмнө тэнд суурьшсан айлуудын хувьд хашааны газар нь бага, хоёрдугаарт олон жилээр амьдарсан айлууд хашаандаа 2-3 өрх гэрээрээ болсон, газар өмчлөлийн гэрчилгээн дээрээ хэд хэдэн өрх бүртгэгдсэн байдаг байна. Газраа орон сууцаар солиход газрын хэмжээ бага, хашаандаа хамт амьдарч байгаа өрх бүрт орон сууц өгөх эсэх гээд олон асуултыг иргэд тавьж буй юм.

Мөн нийслэлд газар олгох ажил зогсоод хоёр жил болсны эцэст энэ хавраас шинаар газар олгохоор болсон хэдий ч газрын өргөдлийг онлайнаар хүлээн авч дугаарлуулах, энэ дэс дарааллаар газрыг хуваарилна гэсэн нь гэр хороололд амьдардаг иргэдэд бас л асуудал болжээ. Интернэт, компьютерийн хэрэглээнээс хол иргэдийн хувьд санаа зовохоос ч аргагүй биз. Гэтэл дахин төлөвлөлтөд орсон бүсэд айлын хашаанд олон жил гэр барьж амьдарсан айлуудын хувьд ойрноос “одоохон нүүгээрэй” гэдэг сануулга аваад байгаа нь цөөнгүй. Хашааны эзэн газраа орон сууцаар солих болж байгаа учраас ингэх нь ч зөв байх. Шинээр газар авах шаардлага энэ мэтээр гэр хорооллынхонд аминд тулсан асуудал болоод байгаа учраас газрын өргөдлөө яаж өгөхөө мэдэхгүй, өргөдлөө өглөө хуваариас хоцрох вий гэсэн айдастай байгаагаа тойргоос сонгогдсон гишүүдэдээ захиа занаагаар дайж байна. Энэчлэн гэр хорооллынхонд тулгамдсан олон асуудал байгаа учраас энэ удаад УИХ-ын гишүүн Л.Болд нэг талаас иргэдийг, нөгөө талаас нийслэлийн удирдлага, мэргэжилтнүүдийг урьж уулзалт хийсэн юм.

“Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул” нэрийн дор зохиогдсон дээрх арга хэмжээний үеэр иргэд хэрхэн яаж газар өмчлөх, дахин төлөвлөлтөд багтсан бүсэд амьдарч байгаа бол газраа хэрхэн үнэлэх зэрэг өөрсдийн тулгамдсан асуудлаар холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан. Хан-Уул дүүрэгт 10,12,13,14 дүгээр хороодод газар өмчлүүлэх байршлыг заажээ. Үүнд Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэр, Туул тосгоны урд хэсэг, Хапитатын амины орон сууцны хойд талд, Биокомбинатын зүүн урд хөндий, долдугаар хэсгийн задгай зэрэг 2590.0 га газрыг 2000 гаруй иргэнд өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тойргийн сонгогчдод ажлаа тайлагнахын зэрэгцээ, сонгогчидтойгоо хийсэн гэрээний дагуу цаашид шийвэрлэх асуудлаараа ярилцлаа. Тухайлбал, Зайсан, Арцатын амны уугуул оршин суугчдад газрыг нь эзэмшүүлэх, үүний тулд төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчлөх шаардлагатай байгаа асуудал иргэдээс дэмжлэг хүслээ. Тэндхийн оршин суугчдын хувьд тусгай хамгаалалттай газар нутаг нэрээр уугуул иргэддэд хашааны газрыг нь өмчилж өгөхгүй байгаа хэрнээ үнэтэй хаус, хороолол болохоор баригдаад байгааг шүүмжилж байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогуудаасаа танилцуулсан юм. Тухайлбал, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэдэд зориулан 3-5 жилийн хугацаанд 150-300 мянган төгрөг сар бүр төлөх, төлсөн үнийн дүнгээс хамааран 1-3 өрөө байранд орох, дараа нь лизинг хэлбэрээр үүнийгээ үргэлжлүүлэх боломж байгаа гэв. Удахгүй хэрэгжиж эхлэх энэхүү хөтөлбөрийн талаар иргэд ихэд сонирхож байлаа.

Д.ЖАРГАЛСҮРЭН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж