I төрөх нярай угаах стандарт төхөөрөмжтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

I төрөх нярай угаах стандарт төхөөрөмжтэй боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ нийслэлийн амаржих газруудад суурилуулсан “Шинээр төрсөн Хүүхдийн угаалгын хэсэг”-ийн нээлтийг өнөөдөр хийлээ. Хорвоод дөнгөж мэндэлсэн нярайг угаах зориулалт бүхий стандартын угаалгын хэсгийг засаж тохижуулах ажлыг “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын хамт олон санаачлан хийж гүйцэтгэсэн юм.

Эрүүл ахуйн стандарт хангасан, орчин үеийн угаалгын хэсгийн тохижилтын тоног төхөөрөмжийг Улсын клиникийн I, II, III амаржих газар болон  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд суурилуулжээ.

“Шинээр төрсөн Хүүхдийн угаалгын хэсэг”-ийг Сингапурын “Тото” фермийн шаазан угаалтуур, кварцын гэрэл, ус зөөлрүүлэгч, халаах төхөөрөмж, автомат жин, гар ариутгагч автомат төхөөрөмж, шингэн саван хуваарилагч, нярайн ванн зэрэг орчин үеийн, аюулгүй тоног төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр эх хүүхдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангаж өгч буй юм.

“Тото” фермийн угаалтуурын тухайд гадагшаа ус халихаас хамгаалсан усны илүүдлийг гадагшлуулах цорготой төдийгүй нярайн аюулгүйн ванныг суурилуулах боломжтой юм байна. Нярайн аюулгүйн ванн нь нярай хүүхдэд зориулан тусгай хэвээр хийгдсэн, зөөлөн материалтай бөгөөд нярайг угаах үед эмчийн гараас хүүхэд мултран унах аюулаас сэргийлсэн байдаг аж. Мөн нярайг дааруулах, жиндүүлэхээс сэргийлж угаалгын өрөөнд орчны халаагч суурилуулсан ба уг төхөөрөмж нь өрөөний температурыг нэгэн жигд халаадаг байна. Түүнчлэн халдваргүйтэл, ариутгалын зориулалтаар кварцын гэрэл суурилуулсан бөгөөд уг гэрэл нь агаарт О3 болон хүчилтөрөгчийн нэгдлийн идэвхийг нэмэгдүүлэн агаарыг цэвэршүүлдэг хэмээн клиникийн I амаржих газрын эмч нар тайлбарлаад, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн, хатагтай Х.Сэлэнгэд хандан Эх хүүхдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад нь баярлаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгийн санаачлагаар Улсын клиникийн II амаржих газрын хүлээн авах өрөө болон үзлэгийг өрөөг засч тохижуулсан бөгөөд эл буянтай ажлыг санаачлан хийсэн түүнд эмч сувилагч нар төдийгүй үйлчлүүлэгч эхчүүд ч талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж