Пак Гын Хы олимпийн тамирчидтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хы олимпийн тамирчидтай уулзжээ

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хы өчигдөр /03.05/ Сөүл хотноо Сочийн наадамд оролцсон баг тамирчидтайгаа уулзаж, үдийн зоог барьжээ. Тэрээр “Хүмүүст урам зориг өгсөн “жинхэнэ баатрууд” та нар байсан. Өвлийн наадмын үеэр та бүхний эр зоригоор бахархаж байсан. Дөрвөн жилийн дараах нутагтаа болох наадамд улам их амжилт гаргахыг хүсье” хэмээжээ.

Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн үдийн зоогонд 170 орчим тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд оролцсоны дунд Сочийн олимпийн дараа зодог тайлж буй уран гулгагч Ким Юна, тус наадмаас хоёр алтан медаль хүртсэн шорт-трекч Пак Сын Хи нарын шилдэг тамирчид багтсан байна. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчид зориулсан тусгай бамбарыг Ким Юна төрийн тэргүүндээ гардуулан өгчээ.

“Сочи-2014” өвлийн XXII наадмаас БНСУ-ын баг тамирчид шорт-трек, тэшүүр болон уран гулгалтын төрлүүдэд медаль хүртэж, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт найман медаль хүртсэн амжилтаар XIII байрт шалгарсан. Тус улсын хувьд “Ванкувер-2010” өвлийн наадамд тавдугаар байр /алт 6, мөнгө 6, хүрэл 2/ эзэлсэн амжилт нь цагаан олимпийн хамгийн өндөр амжилт нь юм.

Сочийн баатруудын нэг ОХУ-ын иргэн шорт-трекч Виктор Ан, уран гулгагч Ким Юнагийн мөнгөн медаль гээд Сочийн наадмын дараа гарсан элдэв асуудлууд өдгөө ард хоцорч тус улс “Пёнчан-2018” бэлтгэл ажилдаа ороод байна.

1988 онд зуны олимпийн XXIV наадмыг зохион байгуулж байсан Өмнөд Солонгос улс ийнхүү дөрвөн жилийн дараах цагаан олимпод бэлтгэж эхэллээ.

Ч.БОЛОРЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж