Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Хайр түгэх болтугай

Циркийн дугуй тайз тоглолтод яг зохицжээ. Голд нь Лхагваа, тойроод үзэгчид… Сонсоход хүртээмжтэй, харахад амар, хүн бүр түүнтэй зэрэгцэж суугаад, хамт дуулж байгаа мэт дотно мэдрэмж төрөхөөр…

Өдөр бүр тоглолт хийсэн ч очиж мэдэх чин сэтгэлтэй үзэгчид Лхагваад олон бий.

Лхагваа тэднээр, үзэгчид Лхагваагаараа бахархаж, онгирч, омогшин уулздаг, хааяахан олддог тэр цаг мөч өчигдөр тохиолоо. Харин “Монгол ээж” цомгийн баяр ээжүүдийг магтан дуулснаараа, Лхагваа ээжийн олон сайхан дуу эгшиглүүлснээрээ энэ өдөр өөр. Тэр гэнэт л гуравдугаар сарын 8-нд зориулж цомог гаргаад, МАРТ боллоо гэж бүсгүйчүүдийн тухай дуулаагүй юм. Ээжийн тухай маш олон дуу, эхийн хайрыг ачлах уянгын дууг тэр үргэлж дуулсаар ирсэн.

“Монгол ээж” цомогт арван дуу багтсан. "Эхийн ач", "Сүүгээр бүтсэн бурхан", "Буянтай ээж", "Амьд бурхан", "Миний ээж", "Ээжээ дурсана", "Ээж", "Эхийн тухай дуу", "Монгол ээж", "Азийн цагаан дагинын мишээл буюу Богд хатан ээжийн өлмий батдах дуулал оршвой”…. Энэ гайхалтай дуунууд өчигдөр бүгд эгшиглэв.

“Монгол ээж” цомог  бол дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог юм. 2010 онд санагдаж байна, анх удаа бие даан гаргасан түүний анхны цомог “Харангын Лхагваа” нэртэй. Түүний дараа 2011 онд “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” гэсэн гурван цомог нэгэн зэрэг гаргасан нь одоо ч шилдэг цомгийн борлуулалтыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ долоо хоногийн байдлаар гэхэд шилдэг борлуулалттай 10 цомгийн жагсаалтын нэгдүгээрт “Монгол ээж”, долдугаарт “Харангын Лхагваа”, аравт “Тэнгэрлэг андууд” гэсэн гурван цомог нь бичигджээ. Яг өнөөдрийн байдлаар “Hi Fi” дэлгүүрт гэхэд худалдаанд гаргахаар өгсөн "Монгол ээж" цомог дууссан гэх мэдээллийг худалдагч нар өгөв.

Ийм эрэлттэй цомогт багтсан ээжийн тухай сайхан дуунуудыг дэргэдээс нь сонсохоор өчигдөр Лхагваагийнхаа дуунд хайртай олон арван ээж циркийг зорин ирсэн байлаа. Түүний найзууд, түүний ээж, эмээ нь бас үзэгчдийн дунд суун, хүүгийнхээ хайранд бүүвэйлүүлэв. Тэд Лхагваатайгаа хамт

Миний ээж сайхан ээж
Мяндас зөөлөн уян ээж
Бурууг хийвэл хатуу ээж
Буурал болсон ч чадуу ээж
хэмээн уяран уяран дуулав. Сэтгэлээ онгойлгон, аньсага чийгтүүлэн эх хүний нандин хайрыг дуулан жаргав.

Бүсгүйчүүдийн хайраас амилсан бүтээл, монгол ээжүүдийн дуулал мөнх оршиж, хайр түгээх болтугай.

"МОНГОЛ ЭЭЖ" тоглолт өнөөдөр хоёр дахь өдрөө АСА циркт үргэлжилнэ.


Э.ТЭКҮ

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж