2014 оны төсвийг батлахдаа царцаасан барилгын төслүүдэд аудитын шалгалт хийж, дүгнэлт гаргахаар болсон. Өнөөдөр болох Төсвийн байнгын хорооны хурлаар аудитын дүнг танилцуулна
. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Царцаасан барилгуудад аудитын шалгалт хийсэн. Шалгалтын дүнд хэчнээн барилгын төслийг санхүүжүүлэхээр болсон бэ?
-Хөрөнгө оруулалтын ажил нь удааширч дуусахгүй хэдэн жил үргэлжилж байгаа болон төсөвт өртөг нь үндэслэлгүй өссөн 272 обьектэд аудитын дүгнэлт гаргуулсан байгаа. Үүн дотор ажил нь дууссан 26, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй зургаа, огт ажил нь эхлээгүй 99, үргэлжилж байгаа 141 обьект хамрагдсан. 3-6 жил ажил нь дуусахгүй үргэлжилж байгаа 47 обьект байгаагийн ихэнх нь БШУЯ- ны захиалсан баримтууд байна.
Эдгээрээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл арга хэмжээг 2014 оны төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. 24.7 тэрбум төгрөгийн 23 обьектыг цаашид санхүүжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
-Зарим гишүүдийн зүгээс цалин, тэтгэврийг 40-50 хувь нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасан. Төсвийн байнгын хорооноос цалин тэтгэврийг нэмэх тал дээр ямар суурьтай байгаа вэ?
2014 оны төсөв 240 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулан баталсан.
-Эдийн засаг, төсөв санхүүгийн боломжтой уялдуулан 2014 оны төсөв 240 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулан баталсан. Байнгын хорооны хувьд эдгээр нэмэгдлийг тооцохдоо үнийн өсөлттэй уялдуулан авч үзэх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байна. Харин цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг улс төрийн бай болгож, шоу хэлбэрээр хандах бус эдийн засагт байгаа бодит боломжоо бүрэн ашиглаж, тооцоо судалгаатай хандаж, эцсийн үр дүнтэй байх арга хэлбэрээр олгож байх нь зүйтэй юм.
Цалин тэтгэврийг улс төржиж, зарлаж нэмэх нь бизнесийн салбарт хүнд дарамт болж улмаар тэнд ажиллагсдынхаа цалинг нэмэхийн тулд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхэд хүргэж, үнэ өсөх нэг хүчин зүйл болж байна.
-2014 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1300 байхаар тооцсон. Гэвч өнөөдрийн хувьд ам.долларын ханш 1800 хүрчихлээ. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-2014 оны төсвийн төслийг Засгийн газраас оруулж ирэхдээ валютын жилийн дундаж ханшийг 1380 ам доллар байна гэж тооцсон байсан. Ийм зорилт тавьж байхад УИХ өсгөж баталбал гал дээр тос нэмсэн хэрэг болох байсан. Тиймээс энэ зорилтоо хэрэгжүүл гээд л батлаад өгсөн. Зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллах биз ээ.
-Сөрөг хүчний зүгээс эдийн засгийн өнөөгийн байдал болон бондын зарцуулалтын талаар нээлттэй сонсгол хийх хүсэлт ирүүлсэн. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өрийн нөхцөл байдлын талаар нээлттэй сонсгол хийлгүүлэх санал ирүүлсэн. Энэ боломжтой зүйл. Ер нь хөгжлийг дэмжих үү, өрнөөс айгаад суугаад байх уу энэ дээр нэг мөр ойлголт өгөх талаасаа хэлэлцүүлэг хийе гэсэн бодолтой байна. Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллар болсон, өрөнд орлоо гэсэн зүйл ярьсан байсан. Энэ чинь манай ганцхан ордны түүн дотор байгаа алтны таван хувьтай л тэнцэх хэмжээ.
Оюу толгой 1600 тонн алттай, одоогийн зах зээлийн үнээр 80 тэрбум ам доллар гэсэн үг. Үүний таван хувь л байгаа биз дээ. Тэгэхээр тооцоо судалгаатай өрийн сайн удирдлагатай зөв бүтэцтэй үр ашигтай хөгжил дэмжих төсөл арга хэмжээг цаг хожиж ирээдүйгээсээ зээлээд одоо санхүүжүүлэхэд болохгүй зүйлгүй юм.