БНСУ-ын номлогчтой уулзсан 33 хүнийг цаазална гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

БНСУ-ын номлогчтой уулзсан 33 хүнийг цаазална гэв

Пхеньянд тагнуулын ажиллагаа явуулж байснаа хүлээсэн Өмнөд Солонгосын христийн номлогч Ким Юнг Уктай уулзсан 33 хүнд Хойдын албаныхан цаазаар авах ял оноожээ. Ким Юнг Уктай уулзсан хүмүүст төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэг тулгасан аж. Пхеньяны албаныхны мэдээлснээр цаазаар авах ял сонссон иргэд Ким Юнг Уктай хамтран ажиллаж, 500 орчим газар дорх нууц сүм барихаар мөнгө авсан гэнэ. Түүнчлэн Ким Юнг Ук нь өөртэй нь хамтарсан умардын хүмүүст их удирдагч Ким Ир Сен болон Ким Чен Ирийн хөшөөнүүдийн дор сүм байгуулахыг даалгасан гэж Чусон Ильбод мэдээлжээ.

Ким Юнг Ук нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлаар Өмнөд Солонгосын тагнуулын албатай хамтран ажиллаж, БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг өдүүлснээ хүлээн зөвшөөрч, эрх баригчдаас өршөөл хүссэн юм.  Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Хятадын Даньдун хотоор дамжин Хойд Солонгосын хилийг нэвтэрсэн аж. Үүний дараа Өмнөд Солонгосын тагнуулын албаныхантай холбогдож, тэдэнд мэдээлэл дамжуулж, шашнаар дамжуулан БНАСАУ-ын улстөрийн дэглэмийг түлхэн унагаах бодлогыг гүйцэлдүүлж байснаа хүлээжээ. Үүний хариуд Ким Юнг Ук Өмнөд Солонгосын тагнуулын газраас их хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг байснаа хүлээсэн билээ. Харин Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Ким Юнг Ук Хойд руу христийн шашин нэвтрүүлэх журмаар явсан биш, Хятадад байхдаа Пхеньяны албаныханд барьцаалагдан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж