
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирээдүйн эхчүүд, ээжүүд болох охидынхоо эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд авьяас, сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юу хийж болох талаар нээлттэй хэлэлцэн тэдний дуу хоолойг сонсох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 203 сургуулийн 7-10 дугаар ангийн эмэгтэй сурагчдын төлөөлөл нийт 406 хүүхэд оролцсон бол нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн 10-17 насны 94 хүүхэд хамрагдаж нийт 500 гаруй охид оролцлоо. Энэ үеэр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн дугуйлангийн сурагчид болон дүүрэг тус бүрийн аввяаслаг сурагчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, залуу хамтлаг, дуучид өөрсдийн уран бүтээлийн дээжээс өргөн барьсан юм.
Өнөөдрийн энэ арга хэмжээгээ охидын дуу хоолойг сонсох зорилгоор хийсэн бол гуравдугаар срын 8-нд “Охид бол хүчирхийллийн бай биш” гэсэн арга хэмжээгээр энэ сарын арга хэмжээнийхээ хаалтыг хийх юм байна. Далд мэдэгдэхгүй байгаа хүчирхийллүүдтэй тэмцэж хэргүүдийг илрүүлье, мөн хүчирхийлэл битгий үйлдээч ээ гэсэн охидынхоо уриалгаар хаалтын арга хэмжээгээ хийнэ гэнэ.
Охидууд үйл хөдлөл, дуу хоолойгоороо тэмцэлээ илэрхийлэх ба нийслэлчүүд, иргэдийг оролцож ирж үзэж хандлага зан үйлээ өөрчлөхийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгальмаа уриаллаа.