Талийгаачийг найз залуудаа зодуулсан гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Талийгаачийг найз залуудаа зодуулсан гэж мэдэгдэв

Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 21 настай Ө.Алтанзул гэж охиныг найз залуу нь болох Б.Төмөрбаатар гэрээс нь дуудаж гаргаж ирэн, хэрцгийгээр зодож, амь насанд нь халдсан гэх хэргийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр эл хэргийн талаар мэдээлэл хийж, охиноо Б.Төмөрбаатарт зодуулж нас барсныг нотлох зарим баримтыг хэвлэлийнхэнд дэлгэлээ.

Ө.Алтанзулын хуулийн бие төлөөлөгч болох Б.Отгонбаяр энэ талаар,

-"Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан  Шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад мөрдөн байцаагч нь хэт нэг талыг барьж шалгасан. Илтэд хүн амины хэргийг санамсар, болгоомжгүй болгож харагдуулах гэж хичээж байна. Учир нь Ө.Алтанзулыг оройн 23.00 цагийн орчимд “Цайз караоке” барнаас эрүүл гарсан гэж тус баарны зөөгч, үйлчлэгч нар нотолж байгаа.  Б.Төмөрбаатарын аав болох Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад хүүгээ шөнийн 02 цагийн үед гэртээ ирсэн гэж мэдүүлсэн. Энэ хооронд буюу 23-аас шөнийн 02 цаг хүртэл хаана, юу хийж явсан нь тодорхойгүй байдаг. Маргааш нь Ө.Алтанзулын өмсөж явсан хувцсыг хаясан байгаа юм. Дараагийн баримт нь хохирогчийн өмсөж явсан хувцсыг шинжилгээнд өгөхөд түүний хувцас мөн байсан ч дахин шалгуулах гэтэл өмсөж явсан курткыг нь сольж, шинэ куртка шинжилгээнд өгсөн байсан. Эхэнд өгсөн хувцаснаас шинжээчид  их хэмжээгээр цус алдсан гэж дүгнэлт гаргасан.  Энэ хэрэг бол яах аргагүй Б.Төмөрбаатарын хийсэн хэрэг. Тэр хүн хэргээ нуун дарагдуулж, сэтгэцийн өвчтэй дүүдээ тохсон. Үүнээс гадна Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр талийгаачийг "Хальтарч унаж, нас барсан" гэсэн бол дараагийн дүгнэлт нь "Архи хэтрүүлэн хэрэглэсэн" гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгаачийн эмчлэг эмч гадны нөлөөтэй нас барсан болохыг хэлсэн байдаг. Тархин тус газраа дөрвөн гэмтэл авсан, гавал хуйх хоёрын завсар цус хуралттай байсан. Энэ гэмтэл нь үснээсээ маш хүчтэй зулгаалгах юм уу, хүчтэй дугтарч татуулснаас үүсдэг гэсэн. Ийм байтал Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт "Архи хэтрүүлэн хэрэглэсэн" гэж гарсан нь зүйд нийцэхгүй. Эмнэлэгт хүргэдсэн үед дүүгийн минь биен дээр нүдэнд ил харагдахуйц шарх сорви байсныг би нүдээрээ харсан" хэмээн мэдэгдсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхэн  давж заалдана гэдгээ мөн энэ үеэр хэлсэн юм.

    Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж