40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр эхэллээ

“Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ ажилтай болгоно гэж ерөнхийд нь ярилгүй зорилтот бүлгүүдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрүүд гаргаж байна. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 9 чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний дотор ахимаг насны иргэдээ ажилтай болгох бодлого багтсан” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр болсон “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлт дээр хэллээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэйбайгаагаас 3500 гаруй нь нийслэлд байна. Эхний ээлжинд энэ жил 40-өөс дээш насны дор хаяж 3000 иргэнийг ажил, орлоготой болгоход төр дэмжлэг үзүүлнэ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд энэ насны иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажил санал болгож, хийсэн ажилд нь хөлс урамшуулал олгох юм. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулах, иргэдийгосол гэмтлээс урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлууд, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх төслүүдэд хамрагдаад урамшуулал авч болно гэсэн үг.

Түүнчлэн, 40-өөс дээш насны иргэд дангаараа буюу хамтраад хувийн аж ахуй эрхлэх тохиолдолд тоног төхөрөөмж авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлнэ. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, оёдол урлалын үйлдвэрлэл эрхлэх гээд олон хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх иргэд энэ хөтөлбөрт хамрагдан төрөөс дэмжлэг авч болно. Дээрх чиглэлүүдээр 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж энэ жил 3,1 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж энэ жилийн төсөвт тусгасан 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 40-өөс дээш насныхан зээл авах боломжтой.

“Ажил хөдөлмөр эрхлэхэд нас, хүйсээр ялгаварлагддаг байдлыг хална. Бас гэртээ ажилгүй суугаад төрөөс тэтгэмж халамж авдгийг өөрчилнө. Хэн хөдөлмөрлөнө, тэр хүн эх орондоо сайхан амьдрах нөхцөл боломж бүрдүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү нийгмийн бүлгүүдэд чиглэсэн зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэллээ. Та бүхэн идэвхтэй оролцоорой” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэддээ уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж