“Монголын Элчин Сайд нарын Клуб” /МЭСНК/ төрийн бус байгууллага өнгөрсөн сард албан ёсоор байгуулагдан, үйл ажиллагаагаа энэ сарын 4-нөөс эхлэв.
Нээлтийн ажиллагаан дээр тус Клубын Ерөнхийлөгч бөгөөд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ц.Жамбалдорж товч үг хэлж, Клубын үйл ажиллагааны талаар танилцуулж, албан ёсоор нээв.
Тус Клуб нь гадаад орнуудад Элчин сайд, олон улсын байгууллагын дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан болон байгаа дипломатуудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс гадаад харилцааны төрийн захиргааны төв байгууллага, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээлэл, судалгаагаар хангах, зуучлах, гадаадын байгууллага, хүмүүст улс орноо сурталчлах явдал юм. Мөн Улаанбаатар дахь гадаадын Дипломат Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, Өргөмжит консулуудтай хамтран ажиллах, олон улсын хурал, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, танилцах болон бизнесийн аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах, гадаадын ижил төстэй төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоож, харилцан төлөөлөгч солилцох, туршлагаа хуваалцах зэргээр хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой.
Улаанбаатар зочид буудалд болсон МЭСНК-ын албан ёсны нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас гадаад орнуудад ажиллаж байсан болон байгаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Улаанбаатар хот дахь гадаад орнуудын ДТГ, Олон Улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нар оролцов.