Хятад агаарын бохирдолтой “дайн” зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Хятад агаарын бохирдолтой “дайн” зарлалаа

“Хятад агаарын бохирдолтой дайн зарлалаа” хэмээн Ерөнхий сайд Ли Кэцян өнөөдөр /III.5/ эхэлсэн парламентын ээлжит хуралдааны нээлтэн дээр хэлсэн үгэндээ онцоллоо. Үүний тулд Хятадын Засгийн газраас нэн түрүүнд агаарын чанарыг сайжруулах, хорт бодисын хэмжээг бууруулахад анхаарч ажиллах бөгөөд хорт утаа ихээр ялгаруулдаг эрчим хүч, боловсруулах хуучин үйлдвэрүүдийг хаах гэнэ. Тухайлбал, Хятад энэ онд нийт 27 сая тонн төмөр боловсруулах хүчин чадал бүхий хуучирсан төмрийн үйлдвэрүүдийг хаахаар төлөвлөжээ. 27 сая тонн төмөр гэдэг нь Италийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай тэнцэх хэмжээ бөгөөд энэ нь Хятадын төмрийн үйлдвэрлэлийн 2.5 орчим хувь аж. Түүнчлэн 42 сая тоннын хүчин чадал бүхий хуучирсан цементний үйлдвэрүүдийг хаахаар болжээ. Мөн агаарын бохирдолд нөлөөлж буй 50 мянган жижиг нүүрсний зуухыг устгах гэнэ.

Ийнхүү агаарын бохирдлыг бууруулах асуудал Хятадын эдийн засгийн шинэчлэлтийн нэгэн томоохон зорилтот ажил болж ирлээ. Тус улс гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн жилүүдэд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн ч үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм. Олон улсын зүгээс Хятадын агаарын бохирдол АНУ-ын лазер зэвсгээс хамгаалах хэмжээнд хүрсэн гэж хүртэл хошигнон шүүмжилсэн байдаг.

Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газраас 3.33 сая га тариалангийн талбайд үүссэн хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг энэ жил хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд  ч гар таталгүй хөрөнгө төсөвлөжээ.

Түүнчлэн 2014 онд 21.1 тэрбум юанийг эрчим хүчийг хэмнэх, байгаль орчныг хамгаалах ажилд, 64.9 тэрбум юанийг газар тариалан, ойжуулалтанд, 2 триллион юанийг ундны усны эх үүсвэр дэх бохирдлыг арилгах, хүрэлцээг хангах ажилд төсөвлөсөн байна. 

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян 3000 төлөөлөгчдийн өмнө хийсэн мэдэгдэлдээ агаарын бохирдолтой адил ядууралтай ч дайн зарлана гэдгээ онцлон тэмдэглэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж