
Санамж бичгийн дагуу тус сургууль нь жилд 10 монгол оюутныг Лондон дахь салбартаа тэтгэлгээр суралцуулахаар болж буй юм. Үүнд, өрхийн орлого багатай гэр бүлээс гаралтай ч сурлага, хөдөлмөрөөрөө амжилт үзүүлсэн 5 оюутныг бакалаврын сургалтад, 5 оюутныг магистрын сургалтад тус тус 2014 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахаар хоёр тал тохиролцсон юм.
Элчин сайд Н.Тулга хэлсэн үгэндээ Малайзид төдийгүй олон улсад танигдсан Лимкоквинг их сургуульд монгол оюутнууд тэтгэлгээр, тэр дундаа Лондон хотод ирж суралцах боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид тус сургуультай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Тэтгэлэгт хамрагдах оюутан нь тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан байхаас гадна Британийн Хилийн албаны визний наад захын шалгуурыг хангасан байх шаардлагатай аж.