Түүнчлэн эх сурвалжийн өгүүлснээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг дэмжиж ирсэн гишүүд ч дээрх анхан шатны хуралдаанаас хасагдсан байна. Үүгээр бол Хотын фракци дүүрэг дэх эрх мэдлээ батжуулахын тулд эсрэг фракцийнхаа гишүүдийг шахах ажлыг эрчимжүүлсэн байх талтай аж.
Өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс эхэлж Нийслэлийн МАН-ын хорооны даргыг өөрчлөх тухай асуудал МАН-д өрнөж, УИХ-ын зарим нэг гишүүн “Би Нийслэлийн МАН-ын хороог удирдаад явъя” гэх саналыг намын удирдлагадаа уламжилсан тухай мэдээлэл цацагдаж байв. Гэвч МАН-ын дарга М.Энхболдын хувьд Нийслэлийн Газрын албаны дарга асан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг улираан сонгох сонирхол давамгайлдаг. Учир нь Ц.Сандуй түүний фракцид харьяалагддагтай холбоотой гэх. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох компанит ажлын урьдчилсан бэлтгэл болгож Ц.Сандуйгийн зүгээс хийсэн “цэвэрлэгээ” байж мэдэх гэнэ.
МАН өнгөрсөн онд Бага хурал, Их хурлаа хийж намын удирдлагаа өөрчилсний дараа гишүүд дунд нь намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох өрсөлдөөн өрнөсөн юм. Тухайн үед МАН-ын даргаар сонгогдоод удаагүй байсан М.Энхболд С.Баярын фракциас намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох тохироог хийгээд байсан ч буцаж, түүнийг дагуулаад Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нар “Үнэн сонин”-ы эрхлэгч Ж.Мөнхбатыг дэмжих ажиллагааг эхлүүлснээр түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар унасан гэх яриа МАН-д тэр үед хөвөрч байв. Гэхдээ ийм ажиллагааг амжилттай дуусгахад Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн нөлөө их байж, нутгийн дүүгээ дэмжсэнээр Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон гэх нь бий.
Намаа бодсон бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох нь ончтой байсан ч Бага хурлын гишүүдийн толгой нь ажиллахгүй фракци дагуулснаар МАН-ын шинэхэн дарга М.Энхболдын Ж.Сүхбаатарыг ерөнхий нарийн бичгийн даргаараа гаргаж ирэх төлөвлөгөө нь мөн унаж байжээ. Харин ийм улстөрийн тоглоомд “шоглуулсан” Хотын фракцийг удирдагч М.Энхболд энэ удаад Улаанбаатар хотын дүүргийн намын хороодыг өөрсдийн гишүүүдээр бүрдүүлэхийн тулд бусад фракциа ийн шахаж эхэлж буйг үгүйсгэх аргагүй аж.
Гол нь МАН сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд ялагдал хүлээхдээ хамгийн их хохирлыг Улаанбаатар хотод хүлээсэн нь нийслэлийн МАН-ын хороог хотын фракци удирдаж байсан үед таарсан нь Хотын фракцид МАН дахин итгэл үзүүлэх нь зөв үү гэх асуулт тавихад хүргэх бололтой.