Малчид ч бас хариуцлага үүрэх ёстой

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Малчид ч бас хариуцлага үүрэх ёстой

Зүүн аймгуудад дэгдсэн шүлхийн тахал эдийн засгийн хямрал дээр тос нэмэх зуур Хөвсгөлд боом өвчин дэгдсэн нь Монголын мал аж ахуйн салбарын хөгжил нэг л биш байгааг харуулав. Өнгөрсөн оны мал тооллогоор 45 сая толгой мал тоолуулсан монголчууд цөөнгүй малаа зүй бус хорогдлоор алдаж, хохирлын хэмжээ ч төсөөлж байснаас илүү гарах шинжтэй байна. 

Арван хоёр сумыг хамраад байгаа шүлхий өвчнөөр өвчилсөн 665 хот айлын 3016 үхрийг устгалд оруулсан бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Чимидийн толгой гэдэг газар хаваржиж буй малчин Л.Ганбаатарын үхэр боомоор өвчилж үхсэн гэсэн мэдээллийг аймгийн онцгой байдлыг хэлтсээс тав хоногийн өмнө ирүүлжээ.

Сар шинийн дараагааc дэгдсэн шүлхийн  улмаас Монголын хөдөө аж ахуйн салбарын рейтинг гадаадын зах зээлд унах байдал ажиглагдлаа. Дахиад боом гарлаа гээд шуугиад эхэлбэл хөршүүд хаяагаа ариутгаж, үүдээ хаахад хүрэх байлгүй. Хил залгаа хөршүүд байтугай, солонгос, япончууд хүртэл Монголын шүлхийнээс сэжиглэж байгаа бололтой, фермерүүдийнхээ үхрийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тийм ч учраас энэхүү зүй бус хорогдол эдийн засагт шууд болон дам байдлаар тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Хятадаас авчирсан вакцинд татвар төлөгчдийн 2.5 тэрбумыг зарцуулсан гэх тоо юм.  Цаашлаад “Монголын мал эрсдэлтэй” гэсэн хөршүүдийн болгоомжлол дэлхийн хөдөө аж ахуйн зах зээл дэх Монголын өрсөлдөх чадварыг  улам сулруулж, үнэ хямдрах шалтгаан болохгүй гэх баталгаа алга. Монголд шүлхий гарлаа гэх сургаар оросууд экспортдоо хориг тавьчихдаг гэмтэй. Энэ мэтээр  шүлхий болон боом өвчнөөсөө болж Монгол Улс хичнээн хэмжээний хохирол амсах вэ гэдгийг хэлэхэд бэрх. Учир нь шууд хохирлоосоо  дам нөлөөлөл нь эдийн засагт илүү хорлонтой болохоор тэр юм.

Цаг, цагт нь малаа вакцинжуулаад, энэ ажилд идэвхтэй хамрагдаад явсан бол малчдад ч хэрэгтэй, улсад ч ашигтай. Адаглаад л хотоо харлуулж, голоо гонсойлгон байж хамаг үхрээ булуучихгүй. Харамсалтай нь, манай малчид хахир, харамч зангаасаа болоод ямаан дээр тэмээний гарз гаргах нь тиймхэн. Дээр нь төр хайхрамжгүй, бараг хяналтгүй. Ийм болохоор л сүүлийн дөрвөн жил дараалан зүүн аймгууд шүлхийн тахалд нэрвэгдлээ.

“Мал бол үндэсний баялаг. Төрийн хамгаалалтад байна” гэхчлэн Үндсэн хуулинд заагаад өгчихсөн болохоор малчид ингэж давилуун загнадаг байж болох юм. Гэтэл  Дорж, Дондог, Долгорын хотонд байгаа мал үндэсний баялаг мөн хэдий ч үнэндээ үрж борлуулах, зарж идэх нь Доржийн асуудал. Өмчлөх эрх нь Доржид, хамгаалах эрх нь төрд байдаг ийм ойлгомжгүй хууль зөвхөн мал аж ахуйн салбарт л үйлчилдэг. Тийм ч учраас хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий ядаж л 30 хувийг хангаж чадахгүй хэвээр, хүчгүй, сул байгаагийн нэг шалтгаан нь энэ байж болох юм.

Хэрэв мал төрийн хамгаалалтад байна гэж үзвэл, төр вакцинжуулах ажлыг хүчээр хийлгэх ёстой. Хамгаалж байгаа гол субьектийнхээ хувьд энэ асуудалд хариуцлагатай хандах нь төрийн үүрэг. Сайн вакцин нийлүүлэх, дотооддоо вакцин үйлдвэрлэх, вакциныхаа нөөцийг нэмэгдүүлэх талаар төр зүгээр суух ёсгүй. Харин вакцинжуулалтад хамрагдахгүй үлдчихээд дараа нь хамаг малаа шүлхийд алдчихвал тэр малчны хохь. Нөгөөтэйгүүр мал хувийн өмч гэж үзвэл төрөөс хэрэгжүүлсэн вакцинжуулалтад хамрагдаагүй айлын малд шүлхий гарсан тохиолдолд төрөөс зарцуулсан бүх хөрөнгө мөнгийг тухайн малчин төлөх ёстой.  Муу баталгаагүй, стандартын шаардлага хангаагүй, хөлдсөн, муудсан вакцинаас болж хэрэв малчинд ямар нэгэн хохирол учирсан бол түүнийг нь вакцин нийлүүлсэн компани, эсвэл төр хариуцна. Ингэж байж малчин нь ухамсартай, хариуцлагатай, төр нь хяналттай болох бус уу. Тэгээд ч захын нэг дэлгүүрийн бараанаас жоом илэрлээ гэхэд төр торгодог болохоос толгойг илдэггүй шүү дээ. Гол нь нэг үндэсний баялаг гээд Үндсэн хуулинд орчихсон, нөгөө нь хувийн өмч гээд заачихсан болохоор л төр жаахан ялгаатай хандаад байгаа байх.  Гэхдээ мал ч бас Дорж, Дондогийн өмч гэвэл хариуцлагын асуудлыг ярихгүй өнгөрөх нь “энэ тэгээд ариун явдал уу” гэсэн асуулт тавих шалтгаан болж буй юм.

Монголын төрийн халамжинд хамгийн их бялуурдаг хүмүүс бол малчид. Ноос, ноолуур, арьс ширний урамшуулал авна. Зуд болохоор малынх нь өвс, өөрсдийнх идэх хоолыг зөөнө. Одоо орон сууцыг нь бараг барьж өгнө гээд  төр амлаад эхэлсэн. Орон сууцны зээл авчихаад малаа зуданд алдчихвал хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдгийг бодолцохгүй бол манай малчид залхуу дээрээ хэнэггүй хүмүүс шүү дээ. “Мал заалгах аргаа марксизмаар заалгахгүй” гэж томрох мөртлөө манийхаа зээлийг төлөөд өгөөрэй гэж төрөөс гуйж суухаа ч тоохгүй. Хотны асуудлаа хотынхонд даалгачихаад зуны гурван найр наадам, архи дарс, авгай хүүхэн эргүүлээд явчихдаг малчдад хариуцлагын тухай ойлголт өгөхгүй бол бүх асуудлаа төрөөр шийдүүлчихээд “унжаад байхаар унаад өгөөсэй” гэх нь холгүй амьдарч байна. Тиймээс тэдэнтэй хариуцлага ярьдаг болъё.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж