&#34Вакцин хөлдсөн тохиолдол гараагүй&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

&#34Вакцин хөлдсөн тохиолдол гараагүй&#34

-Шүлхийн эсрэг вакцинжуулалтад 191.7 мянган тоо малыг хамруулжээ-

Зүүн гурван аймгаар шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор манай улс ОХУ-аас 500 мянган тун вакцин, БНХАУ-аас 1.6 сая тун вакцин аваад байгаа билээ. БНХАУ-аас ирсэн сүүлийн 1.6 сая тун вакциныг гуравдугаар сарын 1-нд хүлээж авсан бөгөөд эл вакциныг хугацаа алдаж хүлээж авснаас хөлдсөн байсан гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ.
Вакциныг хүлээж авах ажлын хэсэгт Мал эмнэлгийн үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон Мал эмнэлгийн эм, сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн ахлах эксперт, мэргэжилтнүүд багтан ажиллажээ. Дээрх мэдээллийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд Ц.Туваанаас тодрууллаа.

-Одоогийн байдлаар шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал ямар байдалтаЙ байна вэ?

-Оруулж ирсэн вакциныг үндсэн гурван голомттой аймаг болон хяналтын бүсийн долоон аймаг, 56 сум, нийслэлийн есөн дүүрэгт зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж, малыг тарилгад хамруулж байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтад 191.7 мянган толгой мал хамрагдаж, 9.8 хувьтай байна. Ер нь шүлхийн нөхцөл байдал голомттой аймгаас гарч, тэлээгүй, хязгаарлаж чадсан. Өвчилж байгаа малын тоо сүүлийн хэд хоног байнга буурч байна. Эхэлж голомт гарсан Наран, Онгон сумд одоо өвчин нэмж шинээр гарахгүй 3-5 хонож байна. Ингээд өвчин намжиж байгаа гэсэн дүгнэлтийг манай мал эмнэлгийнхэн хийж байгаа. Цаашдаа хорио цээрийн дэглэмийг маш сайн барьж, ажиллана.

-Одоо тарьж байгаа вакциныг тээвэрлэх явцад алдаа гарч, стандартын бус орчин нөхцөлд хадгалснаар хөлдсөн гэсэн мэдээлэл гараад байсан?

-Вакцин хөлдсөн, стандартын бус хадгалалт, тээвэрлэлт хийсэн асуудал байхгүй. Вакцин температурт мэдрэмтгий тусгай бүтээгдэхүүн учраас тээвэрлэх зориултын чингэлэлт хадгалсан. Энэ нь температурын нөлөөнд ордоггүй, тусгаарлагч давхар ханатай, дотор температураа 72-100 цаг барьдаг, гаднаа хянах самбартай байдаг. Тиймээс вакцин хүлээж авахад ямарваа тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдөөгүй.

-Хоёрдугаар сарын 28-нд ирсэн вакциныг өдөр алдаж маргааш нь хүлээж авснаар ийм эрсдэл үүссэн гэж хэвлэлээр бичиж байгаа. Тээвэрлэгч байгууллага болон яамны мэргэжилтнүүд хоцорч очсон гэсэн мэдээлэл бий?  Үүнд тайлбар өгөөч?

-Тийм асуудал байхгүй. Тээвэрлэгч компанийн хувьд гаалийн бүрдүүлэлт дутуу байсан гэдгийг Гааль хяналтын байгууллагууд нь хариуцна. Бид стандартын орчинд вакцинаа хадгалуулж, хүлээж авсан болохоор чанар, аюулгүй байдлын хувьд асуудал үүсэхгүй. Дээр нь Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын лавлагаа, лабораториуд руу шинэ вакцинд хамруулсан малын шинжилгээг өгч явуулж байгаа. Үүнээс вакцины идэвхи хэр байна, дархлаа хэр тогтоож байгаа лабораторийн дүгнэлт гарахад тухай бүрт нь мэдээлэл өгнө.

-Дараа нь ямар ч сөрөг нөлөө гарахгүй гэдэгт амлалт өгч байна гэсэн үг үү?

-Вакцин сөрөг нөлөө үзүүлэхгүй, хэвийн.

-Цаашдаа вакцин нэмж авах уу ?

-Вакцин авна. Одоогоор хэдий хэмжээгээр авах нь тодорхой болоогүй байна. Энэ жилийн хувьд ямартай ч 10 орчим сая малыг вакцинжуулах урьдчилсан тооцоо гарсан.

-Шүлхий өвчнөөс болж одоогоор хэдий хэмжээний хохирол амсаад байна?

-Энэ талаарх дүн мэдээ одоогоор нэгтгэн гараагүй байгаа. Гарахаар нь тухай бүрт нь мэдээлнэ.

-Галзуу, боом өвчин нэмж гарсан гэсэн?

-Энэ жил галзуу өвчин харьцангуй их гарч байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Дэд сайд н.Цогтгэрэлээр ахлуулсан зөвхөн галзуугийн эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг гарган, ажиллаж байгаа. Шаардлагатай вакциныг бүх аймгууд руу ачуулсан.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж