Сайд Ц.Баярсайхан 11-11 төвд ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Баярсайхан 11-11 төвд ажиллав

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Иргэдээс Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж байгаа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл цаашид тасралтгүй үргэлжлэх эсэх тухай, байрны урьдчилгаа 30 хувийг бууруулж болдоггүй юм уу, “Залуу гэр бүл”-ийг орон сууц хөтөлбөрт хамруулахын тулд ямар бодлого барьж байна вэ, Яармагийн дэнжид баригдсан 567 айлын орон сууцны захиалгыг хэзээнээс авч эхлэх, энэ ажлыг аль газар гардаж хийх вэ зэрэг олон асуултад хариулт авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай холбоотой асуудал ч хөндөгдлөө.

Дээрх асуултад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ипотекийн зээлийг өнгөрсөн оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Арав гаруй жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр. Байрны урьдчилгаа 30 хувийн тухайд эрсдлээс хамгаалах зорилгоор тогтоосон жишиг үнэ. Урьдчилгаа 30 хувийг бууруулчихвал тогтолцоогоо эвдэх аюултай. Тийм учраас урьдчилгаа 30 хувь байх ёстой босго гэлээ. Мөн залуу гэр бүлийг дэмжихийн тулд урьдчилгаа 30 хувийнх нь 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргадаг байж болох юм гэх санал яригдаж байгаа аж. Гэхдээ энэ нь одоогоор санал солилцох төвшинд яригдаж байгаа болохоос албан ёсоор баталгаажаагүй гэдгийг тодотгосон юм.

Яармагийн дэнжид баригдаж байгаа 1000 гаруй айлын орон сууцнаас эхний ээлжинд 567 айлын орон сууц ашиглалтад орсон. Борлуулалтын ажлыг Төрийн орон сууц, санхүүжилтийн корпораци хариуцна. Захиалга эхлэхээс өмнө журам гарна. Түүний дараа иргэдийн захиалгыг ТҮЦ машинаар авахаар ТОССК бэлтгэл хангаж байгаа тухай хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж