&#34МИАТ “Seyou”-тэй байгуулсан гэрээгээ цуцалсан&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

&#34МИАТ “Seyou”-тэй байгуулсан гэрээгээ цуцалсан&#34

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани БНСУ-ын “Seyou” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ч гэрээний нууц задарсан зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү гэрээ цуцлагджээ. Энэхүү гэрээний нууц болон МИАТ компанийн нууцыг олон нийтийн сүлжээгээр задруулсан гэх шалтгаанаар МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат нарыг ажлаас нь чөлөөлөөлөөд байгаа аж. Чухам ямар учраас МИАТ компани БНСУ-ын "Seyou" компанитай гэрээ байгуулж 5 сая ам.доллар авсан, гэрээг ямар учраас цуцалсан, "Korean air" компаниас МИАТ-ын удирдлагуудад сануулга өгсөн болон тус компани хэлтсийн дарга нараа ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн зэрэг анхаарал татсан асуудлаар АТГ-т шалгуулж байгаа, тус компанийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайхантай ярилцлаа.

-Таныг МИАТ компанийн нууц задруулсан гэх шалтгаанаар ажлаас тань чөлөөлсөн гэсэн. Та чухам ямар нууц задруулсан юм бэ?

-Твиттер хуудсаар үзэл бодлоо илэрхийлж маргах явцдаа компанийн нууц задруулсан гээд л ажлаас халчихсан. Би тэгээд ямар нууцыг хэлчихсэн юм бол гээд твиттер хуудсаа шүүж харлаа. Твиттерт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг 50 мянган ам.доллар охинтойгоо хамт идсэн, 425  килограмм ачаа зөөсөн гэх мэтээр гүтгэсний хариуд л би тайлбар өгсөн юм. Мөн ажлаас халах болсон шалгаанаа МИАТ компанийн дансанд орсон таван сая ам.долларыг илчиллээ гээд байгаа юм. Энэ мөнгөний тухайд гэвэл аливаа компани дансандаа байгаа мөнгөө ил хэлэх хэрэгтэй, банкнуудын тайлан тэнцэл бүгд л ил байгаа шүү дээ. Компанид орж ирсэн ашгийн мөнгө болон ашигтай ажиллаж байгаа мөнгөө ил зарлаж хэрэглэгчиддээ итгэл төрүүлэх нь харин ч зөв маркетинг шүү дээ. МИАТ компани хоёр жил дараалан буюу 2011 онд таван тэрбум, 2012 дөрвөн тэрбумын алдагдалтай ажилласан. Харин өнгөрсөн 2013 онд 2.9 тэрбумын ашигтай ажилласан гэсэн тооцоо гарсан. Манай компанийн ажилчдын зүтгэл гавъяа. Ингэж ажилласан болохоор нь ажилчдаа 300 сая төгрөгөөр урамшуулсан.

-Өөрөөр хэлбэл та гэрээний урьдчилгаа таван сая ам.долларыг анх мэдээлсэн гэсэн үг үү?

-Таван сая ам.доллар дансанд байгааг мэдээлэх нь нууцлах асуудал биш. Харин хэрхэн, ямар замаар орж ирсэн бэ гэдэг нь компанийн нууц шүү дээ. Үүнийг л андуураад байх шиг байгаа юм. Би нөхдүүдэд хэлсэн л дээ. МИАТ-ийг нийгмийн төлөө гэсэн компани байлгахын тулд ил тод байлгах хэрэгтэй. Өнгөрсөн жил МИАТ-ын удирдлагууд идэж уугаад л шоронд явсан ш дээ. Энэ иддэг уудаг нөхдийн эсрэг жил гаруй тэмцлээ. Үнэхээр цөхөрч, ядарч байна.

-Таван сая ам.долларыг БНСУ-ын “Seyou” компаниас авсан гэсэн үү? 

-Анх "Seyou" гэдэг компани манай Сөүлийн төлөөлөгчийн газарт хамтран ажиллах санал өгсөн байдаг. Дараа нь манай яаманд санал хүргүүлж яамнаас манай дэд захирал н.Хүрэлбаатарт цохогдож очсон байгаа юм. Дараа нь манайхаас Санхүү эрхэлсэн орлогч захирал Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байгаа юм. Энэ гэрээний талаар би өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд  болсон захирлын зөвлөлийн хуралдааны үеэр анх сонссон. Тэр үед бид "Энэ гэрээг хийснээр нийт зорчигчдын тоо 20 хувиар өсч, компанид арваад тэрбумын ашигтай юм байна. Мөн таван сая ам.долларын депозит орж ирэх юм байна. Энэ гэрээгээ улам сайн судал" гээд л гаргасан асуудал. Ингээд байж байтал битүүний өдөр/хоёрдугаар сарын 30/ Зам тээврийн сайдын зөвлөх н.Бямбацогт ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн бид хоёрыг яаман дээр дуудаж,  гэрээний талаар ярилцсан.

Үнэндээ хоёрдугаар сард МИАТ ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд байсан юм. Энэ хямралын үед энэхүү гэрээ нь хямралаас аврах вакцин юм гэж би бодсон. Тэгээд яг гэрээнд гарын үсэг зурах болсон чинь Ц.Даваасүрэн зураагүй, Г.Жаргалсайхан дарга тамгаа өгч явуулсан байсан. Захирал зөвшөөрч тамгаа өгч явуулсан байсан болохоор би энэхүү урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний нууц задруулсан гэдаг асуудал байгаа. Би “Seyou” компанид очиж нөхцөл байдлыг харахаар Сөүл яваад ирэх хооронд энэ гэрээ твиттерээр тарсан байсан. Би гэрээний нууц задлаагүй гэдгийг батлах нэг нотолгоо байгаа. Энэ нь биднийг Сөүлд очоод энэ гэрээний хувийг компанийхаа салбараас авч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл надад гэрээний хувь байгаагүй гэсэн үг. Тэгээд ч гэрээ цуцлагдсан шүү дээ.

МИАТ банкуудад таван сая ам доллар зээлэх хүсэлт хүргүүлжээ

-Гэрээний нууц задарсан учраас "Seyou"-тэй гэрээ цуцлагдсан гэсэн үг үү?

-МИАТ-ын захирлын зөвлөл энэ гэрээг хүчингүй болгосон. Гэрээний нууц задарсан гэдэг шалтгаанаас болоод МИАТ өнөөдөр таван сая ам.долларын өрөнд орчихоод байна ш дээ. Тэгээд мөнгөө банкнуудаас зээлэх гээд банкуудад хүсэлт гаргаад явж байна. Гэхдээ энэ бол өр биш таван сая ам.долларыг МИАТ үнэгүй ашиглаж шамшигдуулсан байхгүй юу. Урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан намайг буруутай гэвэл тэр таван сая ам.долларыг аваад зарцуулаад үрчихсэн Г.Жаргалсайхан захирал, ерөнхий нябо нар ч бас буруутай ш дээ. Одоо ийм л байдалтай байна.

-Энэ мөнгөнөөс Боинг онцгоцны өрөнд өгсөн гэсэн үү?

-Тэгсэн. 3.6 сая ам.долларыг өгчихсөн шүү дээ.

-Seyou-тэй байгуулах байсан гэрээ нь МИАТ-ын билетийг БНСУ-д борлуулах газар байсан гэж ойлгох уу?

-Бараг болно. Дэлхий даяар дбилет зардаг сүлжээ байна. Энэ бол тэрний л нэг хэлбэр ш дээ. Твиттерээр энийг сүртэй болгоод л бараг л дайны эрслийн сангаас том луйвар илээрлээ ч гэх шиг. Энэ бол тийм том гэрээ биш дээ.

"Korean air"-аас МИАТ-ын удирдлагуудад сануулга өгсөн

-БНСУ-ын "Korean air"-аас МИАТ-ын удирдлагуудад сануулга өгсөн гэсэн. Үнэн юм болов уу?

-Энэ их сонин асуудал шүү. KAL, МИАТ гэдэг хоёр компани чинь нэг төвшний байгууллага шүү дээ. Гэтэл нэг нэгнээ айлгаад л сүрдүүлээд л. KAL чинь гэрээгээ цуцлана гэж байгаа нь нэг ёсондоо тулган шаардалт хийсэн юм. Ингэж KAL-ийнхан айж байна гэдэг чинь "Seuyou" компани ямар хүчтэй байсан гэдгийг харуулж байгаа юм.

-Таныг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргаж байцаагдсаны маргааш ажлаас тань халсан. Ажлаас халсан нь таны өгсөн мэдүүлэг, байцаалттай холбоотой биш үү?

-Магадгүй.

-Та өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байна уу?

-Монгол Улсын үндсэн хуулинд хүн өөрийгөө өмгөөлөх ёсгүй гэсэн зүйл заалт  байхгүй шүү дээ. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байна шүү дээ. Би бол компанийн нууц задруулаагүй. Мөн миний хашиж байсан албан тушаалыг халж солихдоо Төрийн өмчийн хорооны журам болон манай компанийн дүрэмд зааснаар Төрийн өмчийн хорооны ТУЗ-аар зөвшилцүүлэх ёстой байсан. Төрийн өмчийн хорооныхон энэ талаар мэдэхгүй байсан юм билээ. Гэхдээ яахав, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй болохоор албан тушаал хүндэтгээд ажлаа хүлээлгэж өгсөн. Би шинэ хүндээ ажлаа өгөх гээд хадаг сүүгээ бариад хүлээгээд ирээгүй. Тэр орой гэр бүлийнхэнтэйгээ хоолонд орохоор нэг газар ортол нөгөө н.Алтанзун нэг БНСУ-ын иргэнтэй хоол идээд сууж байна лээ./инээв/
Сонсоод байхад Г.Жаргалсайхан захирлын эхнэр н.Энхцэцэг манай компанийн аюулгүй албанд ажилладаг. Харин миний оронд томилогдсон хүн бол Г.Жаргалсайхан, н.Энхцэцэг нартай гэр бүлийн найзууд гэсэн л дээ.

-Хуулийн байгууллагад гомдол гаргах уу?

-Би хуулийн зөвлөхөд хандсан.

МИАТ-ийнхан АТГ-т шалгуулахаас айсан уу?

-Шүүхээс ял сонссон МИАТ-ын удирдлагууд МИАТ-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан уу?

-Ухвал их юм байна шүү дээ. Би ганц л юм хэлий. Би АТГ-т өөрийгөө шалгуулж эхлээд байцаалт өгсний маргааш намайг ажлаас халсан. Энэ их сонин санагдаж байгаа биз. Гэхдээ байцаалт өгөхдөө ярьсан юмаа хэлэх эрхгүй алга л даа. 

-Тэгэхээр одоогийн МИАТ-ийн удирдлагуудад авлига хээл хахуулийн асуудал байсаар байгаа гэж ойлгож болох уу?

-Хамт ажиллаж байсны хувьд нарийн юм яриад яахав дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж