Улаанбаатараас Парис руу шууд нислэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас Парис руу шууд нислэг хийнэ

Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани 2014 оны зургадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Францын нийслэл Парис хотын чиглэлд шууд нислэг хийхээр болжээ. Шууд нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр “Хүннү Эйр” компаниас өнөөдөр “Шинэ дэлхий” телевизийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд “Хүннү Эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр, Коммер хариуцсан дэд захирал Б.Маргад болон Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ нар оролцлоо.

“Хүннү Эйр” компанийн ирэх зургадугаар сарын 9-нөөс эхлэн 120 хүний суудалтай “Аэрбус” А319 агаарын хөлгөөр үйлдэх энэхүү нислэг Улаанбаатар хотоос өглөөний 07:00 цагт хөөрөх аж. Замдаа шатахуунаа цэнэглэх зорилгоор ОХУ-ын Перм, эсвэл Екатерингбург хотод техникийн буулт хийнэ. Түүнээсээ цааш Францын Парис хотын “Шарль дэ Голль” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 13:00 цагт /Улаанбаатарын цагаар 20:00 цагт/ газардах гэнэ. Улаанбаатараас Парис хотын чиглэлд зорчих энгийн ангиллын тийзний дундаж үнэ /бүх такс, хураамж ороод/ нэг талдаа 1,366,700 төгрөг, хоёр талдаа 2,290,300 төгрөг байна. Харин Парисаас Улаанбаатар хүртэл нэг талбайдаа 692 евро, хоёр талдаа 1070 евро байх гэнэ. Мөн тийзний үнэ худалдан авах өдрийн валютын ханшаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай гэдгийг санууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр “Хүннү Эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр “Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан ёсоор Улаанбаатар хотыг холбосон нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Иймээс шинээр нээж буй энэхүү тогтмол нислэгийн шугам нь баруун европын улс орнуудтай найрсаг харилцааг бэхжүүлж, соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлалыг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаагаараа чухал юм” гэдгийг онцоллоо.

“Хүннү Эйр” компани ийнхүү Франц улсын Парис хот руу шууд нислэг үйлдэх болсноор хоёр орны төдийгүй Европ, Африк, Өмнөд Америкийн улс орон руу шууд зорчих гарц нээгдэж байгаа юм. Нислэгийг түшиглэн Монголыг зорих жуулчдын тоог өсгөхөд ач холбогдол өгч буй. “Хүннү Эйр” компани Улаанбаатараас Парис хүртэл нислэгийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд энэ ондоо зургадугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 5-ны өдрийн хүртэл долоо хоногийн даваа, баасан гаригуудад үйлдэхээр төлөвлөж байна. Харин 2015 оноос өөрийн агаарын хөлгийн парк бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу орчин үеийн 280 хүний суудалтай “Аэрбус” А330 маягийн том онгоцоор бүтэн жилийн турш 2-4 удаагийн давтамжаар Улаанбаатараас Парис хот хүртэл тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатараас Парис хүртэл чиглэлд А330 агаарын хөлгөөр замдаа зогсохгүй шууд нисч, аяллын хугацаа ес орчим цагаар багасна гэдгийг “Хүннү Эйр” компанийн Коммер хариуцсан дэд захирал Б.Маргад хэллээ.

Хэвлэлийн хуралд оролцсон БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ энэ үйл явдлын талаар “Шууд нислэгтэй болсноор Монгол, Франц хоёр орны харилцаанд томоохон дэвшил гарч байна. Хоёр орны хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг шинэ түвшинд хөгжих үүд хаалга нээгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Франц улс бол аялал жуулчлалын томоохон хот. Тиймээс Франц улсад зорчихыг хүссэн Монгол иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчлөх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Франц улс руу 2014 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн, манай улсын дипломат пасспорттай иргэд визгүй зорчиж эхэлсэн юм. Харин шууд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан, Францын элчин сайдын яам иргэдийн визний мэдүүлгийг шуурхай шийдэхэд туслахаар болжээ.    

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж