Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

“Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ мянга гаруй ам.доллараар буурсан. Нэгэнтээ бид үнийн өсөлтийг нь хянаж чадахгүйгээс хойш өөрийн өртөг зардлаа бууруулах ёстой” гэж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэллээ.

УИХ-ын гишүүд төсөвт төвлөрсөн хэдийг хэрхэн хавтгайруулан цацах тухай халамжийн хуулиудыг санаачилж суухад Монголын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг үйлдвэрийн захирал бүсээ чангалах бодлого бариад сууж байна. Удирдлагууд нь хоноцын сэтгэлгээгээр хандаж ирсэн балаг одоо хэр нь монголчуудын саалийн үнээнээс салаагүй ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнхсайхан “Эрдэнэтийг шахааны бизнес боллоо гэдэг ойлголт иргэдэд суучихаж. Энэ бол үнэний хувьтай байх” гэдгээр үүнийг тайлбарлаж байгаа ч хойшоо харж бүдрэхгүйг хичээж байгаагаа дуулгалаа. Өмнөх удирдлагуудын шахуулсан бараа, бүтээгдэхүүн, өр одоо хэр нь барагдаагүй байгаа ч цаашид энэ бүхнийг үгүй болгохыг хичээн ажиллаж байгаагаа үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 38 тэрбум төгрөг хэмнэж, агуулахын үлдэгдлийг 19 тэрбум төгрөгөөр багасгаж, авлагыг 70.4 сая ам.доллар, өглөгийг 34.9 сая ам.доллараар бууруулснаа тэд дуулгалаа.

Өнгөрсөн онд "Эрдэнэт" үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж, 119 мян­ган тонн зэс, 1800 тонн молибден үйлдвэрлэжээ. Хамгийн товчхоноор “Баян хүний дүрд тоглохоо больё. Бүсээ чангалъя” гэдэг бодлого явуулахаа Ц.Даваацэрэн ажлаа авсных нь дараа уулзахад хэлж байсан билээ. Үйлдвэрийн үргүй зардлаа багасгаснаар 38 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Белазын дугуйг гэхэд л 50 мянган ам.доллараар худалдан авдаг байсныг 28 мянга болгон бууруулж, бодит үнээр нь худалдан авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бодит ханшаас бараг хоёр дахин их буюу 22 мянган доллараар илүү үнээр авдаг байсан гэсэн үг. Зөвхөн дугуйнаас шүү дээ. Дээр нь гэрээ байгуулсан ч бараагаа нийлүүлэлгүй мөнгийг нь хүүдийлээд хүний нутаг руу зугтсан хүмүүс ч бий гэнэ. Тиймээс найдваргүй гэсэн 105 компанийн жагсаалтыг гаргасан байна.

Шинэ удирдлагууд зөв менежмент барьснаар нэг тонн зэс боловсруулах өртөгийг 6625 ам.доллараар төлөвлөсөн ч 5800 болгож тонн тутмаас 825 ам.доллар хэмнэж чадсан байна. Тэгэхээр жилд 74 сая гаруй ам.доллар хэмнэж чадсан гэсэн үг. Өмнө нь нэг тонн ган бөмбөлөгийг 2200 ам. доллараар шахдаг байсныг болиулж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс авдаг болсноор үнийг нь 950 ам.дол­­­лар бол­­гон бууруулж тонн тут­маас 1250 ам.доллар хэмнэдэг болсон гэнэ.  Жилдээ 22 мянган тонн ган бөмбөлөг авсан гэхээр 27,5 сая ам.доллар хэмнэжээ.
   
Харин хэмжээ, хязгааргүй бараа бүтээгдэхүүн авч хэн нэгний халаасыг зузаалдаг гэх хардлагын хариуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны асуудал хариуцсан орлогч Х.Өлзий-Орших “Зургаан мянган хүн ажилладаг үйлдвэрийн хангамж бага харагдах зүйл биш. Өнөөдрийн /II,28/ байдлаар үйлдвэрт 120 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бараа, бүтээгдэхүүн байгаа. Жирийн нэг дундаж үйлдвэрийн хувьд энэ тоо том сонсогдож магадгүй. Манай үйлдвэрийн хувьд цөөн хэмжээтэй байна л гэсэн үг” гэдгээр тайлбарлав.

Гэхдээ тус үйлдвэр нийт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг гаднаас авч байгаагаа хэлсэн. Тиймээс нэг авахдаа аль болох хангалттай нөөцөө бэлддэг гэнэ. Хэрэв үндэсний үйлдвэрлэгчид стандартад нийцсэн сайн бараа бүтээгдэхүүн нийлүүлбэл хамтарч ажиллахад бэлэн байгаагаа тэд дуулгаж байна. Өмнө нь хуримтлагдсан 130 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байснаас одоо 110 орчим төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэнийг анхааруулж байлаа. Харин агуулахад байсан он удаан жил ашиглаагүй найм орчим тэрбум төгрөгийн шаардлага хангахгүй шахааны бараа байсныг өнгөрсөн жил тоолоод дахиж үнэлгээ тогтоогоод шаардлагтай газарт нь шилжүүлж, борлуулах ажлыг хийсэн тэд тайлбарлаж байна. Нэгэн цаг хэн нэгнийг хөлжүүлсэн, өнөө цагт хэнд ч хэрэгггүй болсныг нь устгаж эхэлжээ. Нэгэн цаг хэн нэгнийг хөлжүүлсэн, өнөө цагт хэнд ч хэрэгггүй болсныг нь устгаж эхэлжээ. Тиймээс цаашид энэ байдлыг давтахгүй тулд бодит үнийг судлах судалгааны багтай болсон байна.

Өөрсдийн хүрээнд шийдэх боломжгүй их хэмжээний хохирол учруулсан аж ахуйн нэгжийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн учраас тэднээс илүү тодорхой мэдээлэл авах боломжтойг Ц.Даваацэрэн учирласан. Дээр дурдсан 105 компани ямар учиртай, хэний компани болохыг түүнээс тодруулбал,

-Энэ компанийн олонхи нь манайхтай гэрээ байгуулсан атлаа цаг хугацаанд нь бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Урьдчилгаа аваад алга болсон компани маш олон бий. Гэхдээ зарим нэг нь хоцроод ч гэсэн гэрээний үүргээ биелүүлсэн, бидний нэр төрийг сэргээж өгөөч гээд явж л байна. 37 тэрбум төгрөгийн найдлагагүй авлага үүссэн байсан. Гэрээ байгуулаад урьдчилгаа авсан ч бараа материалаа нийлүүлээгүй алга болсон компаниудын балгаар үүссэн алдагдал дүн. Гэхдээ бид өр барагдуулах алба гэж байгуулаад 20 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан. Зарим нь бол үнэхээр олдохгүй, хилийн цаана гараад явчихсан тохиолдол байгаа. Үүнийг хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн, албан ёсоор шалгаж байна гэж тайлбарлалаа. Харин одоо тус үйлдвэр урьдчилгаа шилжүүлэхээ больж банкуудтай хамтран зээл олголтоор асуудлаа шийддэг болсон гэнэ.

Энэ мэтээр “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагуудын буруутай үйл ажиллагаа өнөөдөр ч гай болсоор л байна.

Сая сая доллараар яригдах мөнгийг монголчуудаас луйвардах боломжийг олгохын тулд улс төрийн хүчнүүд өөрсдийн хүнээ энэ үйлдвэрийн албан тушаалаар шагнаж явсан гээд бодохоор даанч дотор харанхуйлмаар. 2008 оны сонгуулийн дүнг будилаантуулсан буруутан л гэхэд ял авахын оронд тус үйлдвэрийн даргаар шагнуулаад явж байсныг бид мэднэ.

Харин одоо асуудал өөрөөр эргэж, эрдэнэтчүүд ирээдүйгээ сайхнаар төсөөлж сууна. Шахааны бизнесийг зогсоож, нээлттэй шалгаруулалтаар 161 дотоодын аж ахуйн нэгжтэй 19 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийснээ “Эрдэнэт” ХХК-ийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлог Б.Алтанхуяг хэлэв.

Харин энэ бүхэн нь улстөрчдөд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Өмнө нь энэ үйлдвэрийн удирдлагуудыг тавьж, ашиг орлогоос нь хумсалж ирсэн хүмүүс зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр зэс нь цухуйж явна. Монголд зэс боловсруулах үйлдвэр одоо хүртэл баригдаагүй шалтгаан нь олсон орлогыг нь хувааж иддэг байсантай ч холбоотой юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ асуудал арай нааштайгаар эргэсэн гэдгийг дээрх тоон үзүүлэлтүүд харуулах болов уу. Шахаанаас ямар унац унадаг байсныг цухас дурдахад иймэрхүү л байна. Баяртай мэдээ гэвэл сая сая доллараар яригдах тэр мөнгийг ямартай ч төсвийн дансан төвлөрүүлсэн гэх таатай мэдээгээр нүдийг чинь баясгая. 

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж