Ухаалаг төр: Өрхийн эмнэлгийг өөд татъя

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Ухаалаг төр: Өрхийн эмнэлгийг өөд татъя

Зөвхөн
танай гэр бүлд, ганцхан танд үйлчилдэг эмч, эмнэлэг байвал сайхан уу.
Чинээлэг давхаргынхан бол хэдийнэ эртний язгууртнуудын адил хувьдаа
эмчтэй болсон. Харин нийт олны  тухайд 2-3 мянган хүнд  нэг эмч оногдож
байгаа өрхийн эмнэлгийн тогтолцоонд шинэчлэл хийх цаг болжээ. Өрхийн
эмнэлэг нэрээ өнгөрсөн жилээс сольж өрхийн эрүүл мэндийн төв болгон
өөрчилсөн ч бодлогын хувьд төдий л шинэчлэгдсэнгүй. Өрхийн эмнэлгүүдэд
учирдаг бэрхшээл ч урьдынхаас буурсангүй.

Хамгийн түрүүн хэлдэг
нийтлэг бэрхшээл нь өрх бүр, хүн болгонд хүрч үйлчлэх хүчин чадал
хүрэлцэхгүй байгаа зовлон юм. Энэ нь дээр дурдсанчлан нэг эмчид
харъяалах хүн амын тоо хэт олон байгаатай холбоотой ажээ. Өнөөдөр ямар ч
хүртээмжтэй эмч хоёр мянга гаруй хүний эрүүл мэндийг ганцаар хариуцаж
чадахгүй. Байнга үйлчлүүлдэг ахмад настан, жирэмсэн эх, бага насны
хүүхдээс хэтрэхгүй байна. Зүй нь тухайн айлын наймаас наян настны  эрүүл
мэнд, биеийн онцлог, өвчний түүхийг хүртэл намтарчлан мэдэж гэмээнэ сая
жинхэнэ утгаараа өрхийн эмч болох билээ. Ядаж л сардаа нэг удаа
харъяаллын айл өрхүүдээ эргэчихдэг санаачлагатай эмч өнөөдөр алга. Яарч
сандарсан хүмүүст өрхийн эмч дуудлагаар үйлчлэх үүрэгтэй боловч өдөртөө 
хоёроос гурван айлд очихоос хэтрэхгүй. Гэтэл өрхийн эмчээ гэртээ дуудаж
үзүүлэхийг илүүд үздэг хүмүүсийн тоо өдөр өдрөөр өсч байна. Бүр худал
дуудлага өгдөг тохиолдол ч цөөнгүй. Ийм тохиолдолд өрхийн эмчийн
дуудлагат үйлчилгээг тохирсон хэмжээний төлбөр мөнгөтэй болгочиход
буруудах зүйлгүй санагдана. Хэвтрийн хөгшчүүд, халуурч бүлээрсэн нялх
нярай, салхи саваг үзүүлж боломгүй өвчин туссан хүмүүс гээд гэрээр
эмчилгээ авах шаардлагатай хүмүүс цөөнгүй байдаг. Боломжтой хэсэг нь
төлбөрөө төлөөд гэрээрээ үйлчлүүлж сэтгэл хангалуун  үлдэх бол эмч нар ч
халаас хоосонгүй буцах билээ. Тэрхүү төлбөрт үйлчилгээ эргээд өрхийн
эмнэлгийн санхүүгээ бэхжүүлэх амин тариа болоод зогсохгүй эмч нарын
амьжиргаанд ч дэм тус болох билээ.

Ийн өрхийн эмнэлгийг төлбөр
мөнгөтэй холбохоос аргагүй тохиолдол олонтаа гарах юм. Өнгөрсөн амралтын
өдрөөр бие тавгүйрхээд хамгийн ойр хувийн эмнэлгийг зорилоо. “Сүйдтэй
өвчин алга. Гэхдээ тан буцалгаад өгье” гэх шавилхан биетэй, шаламгай эмч
бүсгүйн тусыг дүүгийн сэтгэлтэй  зүйрлэмээр. Толгой барьж, бумба
тавихаас эхлээд ардын уламжлалт эмнэлгийн анхан шатны үйлчилгээг тултал
нь үзүүлчихэд л төлбөр нэхэхгүй байсан ч  өөрийн эрхгүй л хэтэвчээ
уудлах юм билээ. Хэрвээ ажлын өдөр байсан бол өрхийн эмнэлгээ л зорих
биз ээ. Өрхийн эмч үзлэг хийж эм бичихээс хэтрэхгүй.  Өвдсөн нэгэнд
гаргаад өгчих эм тан, тавтайхан  суулгачих өрөө тасалгаа дээрээс нь
өөриймсөг сэтгэл дутуу байдаг нь гашуун боловч үнэн. Өрөө тасалгаа,
багаж төхөөрөмж, хангамж хүрэлцээ дутах нь хөрөнгө мөнгөнөөс үүдэлтэй.
Хэдийгээр төр засгаас өрхийн эмнэлгийн төсөв санхүүг өсгөхөөр амладаг ч
үнэн хэрэгтээ үргэлж танагдсаар иржээ. Энэ жилийн хувьд өмнөх жилээс огт
өсөөгүй бөгөөд ирэх намраас төсвийг өсгөнө гэсэн сайхан үгэнд хууртаад
сууж байгаагаа хэд хэдэн өрхийн эмнэлгийнхэн хэлж байна. Төсвөө өсгөж
чадахгүйгээс эмч нарынхаа цалинг өсгөж амжилгүй олон жил болжээ. Өрхийн
эмч нар өөриймсөж амжилгүй солигдож өөрчлөгдөж байдгийн цаад учир энэ.
Эмч нь тогтвортой, сайн ажилладаг хороодоос яаралтай тусламжийн дуудлага
ч тун бага ирдгийг 103-ын эмч нар баталдаг. Өрхийн эмнэлгүүдийн хэд
хэчнээн нь тийм үнэлгээтэйг тооцож томъёолсон нь харин үгүй.

Уг
нь түүнийг нягтлан тооцох үүрэгтэй нэгж Нийслэлийн Эрүүл мэндийн газар
болон Эрүүл мэндийн яамны аль алинд бий. Гэвч тэдгээр газрын
мэргэжилтнүүд нь мэдээлэл өгөхдөө тун хойрго. Хэлтэс албаны даргын
визгүйгээр ажлаа ярих цээртэй гэсэн ав адилхан хариултыг өгөх нь
гайхмаар. Ажлаа мэдэхгүйдээ тэр үү, албан тушаалтны дарамт их байна уу
гэдэг ч бас нэг хөндүүштэй асуудал юм.

Өрхийн эмнэлэг сайн муу
байх үндсийн үндэс нь эмчийн ур чадвар. Өнөөдөр өрхийн эмнэлгүүдийн
олонход их сургуулийн босгыг алхаад удаагүй, эсвэл тэтгэврийн насаа
хүлээсэн хүмүүс ажилладгаас хүмүүс өрхийн эмнэлэг рүү бус хувийн
эмнэлгүүд рүү жим татсаар байна. Иймийн учир юун түрүүн өрхийн эмч нарыг
мэргэшүүлэх шаардлага тулгарсныг өгүүлэх хүн цөөнгүй. Хамгийн олноор
үйлчлүүлдэг хүүхэд, өндөр настнуудад үйлчлэх мэргэжлийн эмчтэй болох
сон.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж