Обама Меркельтэй Украины талаар ярилцав
“Батькивщина” намын лидер, Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког удахгүй мэс засал хийлгэх гэж байгуу талаар ВВС мэдээлэв. “Би мэс засал хийлгэнэ. Гуравдугаар сарын 8-9-ний үед хагалгаанд орох болов уу. Тэгж байж миний бие илүү сайжирна шүү дээ” хэмээн тэрээр ярьжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ян Элиассон Киев хотноо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов, ерөнхий сайд Арсений Яценюктай нартай уулзжээ. “Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, хямралыг дипломат замаар шийдэх нь чухал” гэж онцолсныг мэдээнд өгүүлжээ.
Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) цэргийн ажиглагч нараа энэ лхагва гаригт Украинд илгээх гэнэ. Тус байгууллагын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Дэниэл Бэр энэ талаар мэдээлснийг “Associated Press” дамжуулжээ. Түүний мэдээлснээр, ажиглагчдын хэсгийг Украинд илгээхээр тус байгууллага шийдсэн ба үүнийхээ өмнө Крымд очих гэнэ. ЕАБХАБ-ын байнгын зөвлөл яаралтай хуралдаанаараа Украинд ажиглагч илгээх АНУ-ын саналыг ийн дэмжсэн байлаа.
Канадын ерөнхий сайд Стивен Харпер Оросын цэргийнхэнтэй хамтын ажиллагаа явуулахыг зогсоосон тушаал өгсөн талаар CNN мэдээлэв.“Өнөө өглөө би Канад, Оросын цэргийнхний хоорондын хоёр талын хамтын ажиллагааны бүх төлөвлөсөн ажлыг зогсоох тушаал өглөө” гэж Харпер мэдэгджээ. “Соргог бүргэд” хээрийн сургууль болон төлөвлөгдсөн уулзалтуудын талаар энд өгүүлж байгаа хэмээн ерөнхий сайд онцолжээ.
АНУ энэ долоо хоногт хэсэг шинжээчдийг Киевт илгээн, хулгайлагдсан байж болох мөнгийг хадгалж байгаа газрыг тогтоон, тэднийг Украины сан хөмрөгт буцааж шилжүүлэх ажиллагаанд нь тусална гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ
“Орос Виктор Януковичийн захидлыг НҮБ-ын хуралдаан дээр харууллаа гээд тэдний Украины эсрэг хийсэн үйлдлийг зөвтгөхгүй” хэмээн Украины ГХЯ-ны спикер Евгений Перебийнис мэдэгдэв.“Бусад орнуудын зэвсэгт хүчин Украины газар нутагт зөвхөн тус орны хуулийн дагуу байрлаж болно. Янукович бие даан Оросын ерөнхийлөгчид хандсан нь Украины Үндсэн хуульд үл нийцэнэ” хэмээн Перебийнис тайлбарлажээ.
Ерөнхийлөгч зөвхөн Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тодорхойлсны дагуу Дээд радын зөвшөөрснөөр гадаадын орноос цэргийн тусламж гуйх эрхтэй гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв.
“НАТО энэ пүрэв гаригт Украины ерөнхий сайд Арсений Яценюктай Брюссель уулзана” гэж тус эвслийн төлөөлөгчийн мэдээнээс иш татан РИА Новости мэдээлэв. Украины асуудлаар ярилцахаар Европын холбоо ээлжит бус саммитаа Брюссельд хийлгэхээр болжээ. Тэнд Арсений Яценюк ЕХ-ны гишүүн орнуудын лидерүүдтэй уулзах ажээ.
Оросын “Газпромд” тавьсан Украины хоёр тэрбум орчим долларын өрийг төлөхөд Европын холбоо туслахаар амлажээ. Энэ тухай “Agence France-Presse” дамжуулав. Энэ тухай мэдэгдлийг Европын холбооны Эрчим хүчний комиссар Гюнтер Оттингер хийсэн ба дээрх тусламж нь Украинд туслах багцийн нэг хэсэг гэдгийг комиссар онцолжээ. Украиныг дэмжих тусламжийн багцийн асуудлыг лхагва гаригт ярилцан тохирно хэмээн Еврокомиссийн албан ёсны төлөөлөгч Пии Аренкильде Хансен хэлжээ. ”Газпром” ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Украинд үзүүлсэн байгалийн хийн үнийн хөнгөлөлтөө цуцлахаар болж байгаа юм.
Арсений Яценюк. Фото: Андрей Кравченко / Reuters
Орос, Украин сайд нарын төвшинд хоёр талын зөвлөлдөх уулзалтаа эхлүүллээ. Украины ерөнхий сайд Арсений Яценюк энэ талаар мэдээлжээ. Зөвлөлдөөн одоохондоо үлбэгэрдүү, шийдсэн асуудалгүй байгаа талаар Яценюк хэлжээ. Украин улс Оростой шинэ хэв маягаар харилцах эрмэлзэлтэй байгааг тэр хэлээд, Украины бие даасан эрхийг Москва хүндэтгэх ёстой гэдгийг анхааруулжээ.