Амьдрал бэлэглэх амархан

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Амьдрал бэлэглэх амархан

Жиргээчдийн хувьд өчигдөр нам тайван өнгөрлөө. Тийм гээд онцлоод байх сенсацигүй, тэрийг гэж чичлээд байх буруутангүй өдрийг өнгөрөөв. Зарим нэг аж ахуй нэгжийг тамхины өрөө гаргалаа гэж торгохоор болсон Л.Эрдэнэчимэг гишүүнийг шоглоцгоож байсныг эс тооцвол.

Зарим жиргээчид үдээс өмнө 92-ийн эрэлд хэсэг гарцгаасан бололтой. Аи-92 бензин хэд хэдэн газарт зэрэг дуусав уу, эсвэл хомсдол нь үүсч байгаа юм уу, бүү мэд. Мэдэж байгаа жиргээч лав байсангүй. Засгийн газрын харьяа 11-11 төвд ч иргэдээс санал гомдол, хүсэлт ирсний дотор шатахуун түгээх станцууд Аи-92 авто бензин өгөхгүй байгаа тухай гомдлыг өгсөн аж. Ийнхүү “Шатахуун түгээх станцууд 92 бензинийг дууссан гээд өнөөдөр өглөөнөөс олгохгүй байна. Яаралтай арга хэмжээ авна уу. Ерөнхий сайдаа. Бэлэн мөнгөөр колонкууд бинзен өгөхгүй байна. Засгийн газар болохоор нөөцтэй гээд байдаг. Монгол төгрөгөөр олгохгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ” гэх гомдлууд ар араасаа үргэлжлэв.

Валютын өсөлт, шатахууны хомсдол зэрэг удаа дараагийн цохилтонд иргэд бараг дөжирч буй бололтой. Энэ яриа ч нэг их газар авсангүй. Харин “Хэн нэгэнд амьдрал бэлэглэх тун амархан.Ердөө л түргэний тэргэнд зам тавиад өгчих” гэх санаачлага нэлээд өргөн хэмжээнд түглээ.

Үүнтэй холбоотойгоор “БНСУ-д түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 200 вонноор торгодог. Харин манайд байхгүй” “Хүмүүсээ дохиогоо хангинуулаад явж байгаа түргэний машинд л зам тавиад өгчиж байгаарай” гэх жиргээнүүд үргэлжлэн, цагдаагийн, гал командынханд ч зам тавих хэрэгтэй гэцгээв.

Түргэний машинд зам  чөлөөлж өгөөгүйгээс үүдэн   яаралтай тусламж үзүүлж чадах хугацаа 10 минут хоцроход хүний амь нас алдагдах  аюул 2,5 дахин  ихэсдэг гэсэн судалгааг ч нэгэн танилцуулж харагдана. Уг нь манайд үүнийг зохицуулсан хүчтэй зохицуулалт байдаг гэнэ шүү. Тодруулбал, “Түргэний машин дуут дохиогоо ажиллуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд зам тавьж өгөхгүй эсвэл санаатай саад болж байгаа жолооч нарын эрхийг хасна” гэсэн зохицуулалт байдаг аж.

За жолоочид минь, үнэхээр түргэний машиныг очих газраа түргэн хүрэхээс шалтгаалан амь нас, хувь тавилангийн асуудал байгаа гэдгийг жаахан бодмоор шүү дээ. Өөрсдөд хамаагүй гэж түргэний машины урдуур чихэлдэн зүтгэх хэрэг байна гэж үү.

Амьдрал бэлэглэх амархан, Ердөө л түргэний тэргэнд зам тавиад өгчих

Цахим болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж