Газар тариалангийн бодлогыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн бодлогыг шинэчилнэ

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл ДНБ-ний 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Өнгөрсөн жилийн хувьд, 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2012 оныхоос 2.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Цаашид хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдэх бөгөөд бодлогын төвшинд салбарыг шинэтгэх хэрэгтэй болжээ.  Тиймээс Төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас боловсруулсан байна. Одоогийн байдлаар бодлогын баримт бичгийг дагалдах хөтөлбөрүүдийг Засгийн газрын төвшинд хэлэлцэж байгаа ажээ. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээгээс тодрууллаа.

-Бодлогын баримт бичигт ямар асуудлыг голчлон тусгасан бэ?

-Газарт тариалангийн салбарт хамгийн чухал нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн шийдэх, техник технологийн шинэчлэл хийх, боловсон хүчин шинээр бэлтгэх асуудлыг тусгасан. Үүн дотроо хөрс, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл хийх гээд олон асуудал багтаж байгаа. Мөн хөрсний бохирдолтой тэмцэж, үржил шимийг дээшлүүлэхийн тулд хөрс, агрохимийн лабораторийг нутаг оронд байгуулах ч шаардлага бий. Ер нь салбарыг 2024 он хүртэл хөгжүүлэх цогц бодлого гарах юм.

-Бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг хэзээ эцэслэн баталж, хэрэгжүүлж эхлэх вэ?

-Бодлогын баримт бичгийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцүүлэх болов уу. Харин газар тариалангийн зарим хөтөлбөрүүдийг яамд, Засгийн газрын төвшинд хэлэлцэж байна. Ямартай ч салбарын бодлого, хөтөлбөрүүдийг хаврын тариалалтаас өмнө амжиж баталчих болов уу гэж найдаж байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж