Зөвшөөрлийн тоог бууруулах талаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Зөвшөөрлийн тоог бууруулах талаар хуралдлаа

Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах зорилготой байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан төрийн ордноо зохион байгуулагдлаа.

Тодруулбал яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулсан аж. Тэд юу хийх вэ гэвэл, яам, агентлаг, нутгийн захиргааны байгуулагуудаас ирүүлсэн нийт зөвшөөрлүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах бөгөөд 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд эдгээрээс 404 зөвшөөрлийг нь хүчингүй болгох, 447 зөвшөөрлийг нь хэвээр үлдээхээр төлөвлөсөн байна. Ингээд өнгөрсөн хугацаанд ажлын хэсгээс тухайн зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл болон зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудын төлөөлөлтэй 30 гаруй удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулаад байгаа аж. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын  гишүүн Д.Зоригт, С.Дэмбэрэл, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанд гишүүн С.Бямбацогт, Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл нар оролцсон юм.

Лиценз, зөвшөөрөл биш ч гарын үсэг, тамга шаарддаг, ямар нэгэн даргын хүсэл сонирхлоос шалтгаалан бизнесийнхэнд дарамт болдог зүйлс илүү олон байгаа гэж үзсэн бөгөөд тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтыг хүртэл зөвшөөрөл гэж хамаатуулахад 54 байгууллагаас 404-ийг хүчингүй болгох боломжтой гэж үзсэн байна.

Үүний тулд уг зөвшөөрлийн хууль зүйн үндэслэл нь юу болох, энэхүү зөвшөөрлийг олгохгүй байснаар ямар нөлөө гарах, мөн энэ зөвшөөрлийг цуцалснаар бизнест ямар ээлтэй байх вэ гэсэн үндсэн гурван шаардлагыг уг зөвшөөрлийг олгодог газрыг төлөөлөн ирсэн удирдах ажилтнуудаас асууж буй аж.

Өнөөдрийн хувьд Хууль зүйн яам олгодог нийт таван зөвшөөрлийнхөө нэг болох тамга тэмдэгний үйлдвэрлэлд олгох зөвшөөрлөө хүчингүй болгохыг дэмжиж буйгаа илэрхийлж, бүртгэлийн системийг боловсронгуй болгочихвол заавал яамнаас ийм зөвшөөрөл олгоод байх шаардлагагүй гэсэн юм.

Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас олгодог ус ашиглах зөвшөөрөлтэй холбоотой давхардлыг арилгахаар болсон байна. Тодруулбал, 50 метр куб хүртэлх ус хэрэглэх зөвшөөрлийг орон нутгийн байгууллагаас, 50-100 метр куб ус хэрэглэх бол байгаль орчны асуудал эрхэлсэн газраас, 100 метр кубээс дээш бол яамнаас зөвшөөрөл олгодог зохицуулалттай ч яамнаас зөвшөөрөл авчихсан хэрнээ дахин орон нутгаас зөвшөөрөл авдгыг болих нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн уг яамнаас тусгай зориулалтаар загас агнах зэрэгт зөвшөөрөл өгдөг эрхийг нь орон нутагт шилжүүлэх. Ингэхдээ яам хууль санаачлах байдлаар шийдэх нь зүйтэй гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдсэн байна.

Уул уурхайн яамнаас олгодог бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн хийг импортлох зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагагүй хэмээн тус яамнаас ирсэн төлөөлөгчид хамгаалж байсан бол худалдаа эрхлэгчдийн төлөөлөл “хэдхэн компани л үгсэн тохиролцож үнээр тоглож байгаа энэ үед зөвшөөрлөөр зах зээлд орж өрсөлдөх эрхийг хааж байгаа нь буруу. Ази, Африкаас ч хамаагүй хямд үнээр бинзен оруулж ирмээр л байна шүү дээ” гэх саналаа хэлсэн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж