Хөдөлмөрийн салбарт гарч байгаа зөрчил юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн салбарт гарч байгаа зөрчил юу вэ?

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол хөдөлмөрийн насныхны 70 гаруй хувийг 35 хүртэлх насны эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэх статистик мэдээлэл байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны даргын тайлбарласнаар жил ирэх тусам хөдөлмөрийн салбарт эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо өсөх дүр зураг бууж буй аж. Хөдөлмөрийн салбар дахь оролцоог нь авч үзвэл эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдын 80 хувийг эмэгтэйчүүд, үлдсэн хувийг эрэгтэйчүүд эзэлдэг байна. Харин хүнд үйлдвэрлэлийн салбар хийгээд авто замын салбарын тухайд тодотговол дээрх үзүүлэлт эсрэг болно. Тодруулж хэлбэл, авто замын салбарын нийт ажиллагсдын 80 хувь нь эрчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд гэнэ.

Оролцоо ийн харилцан адилгүй байгаа ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад эмэгтэйчүүд голлон ажил хөдөлмөр эрхлэхийн хэрээр эрх нь зөрчигдөх явдал саарахгүй байгаа аж. Иймд ҮЭХ-ноос Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж орон даяар “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцөлийг сайржуулахын төлөө” аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Аянд Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдэж салбарынхаа хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулах юм байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нас богиносчээ

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Д.Нарантуяагийн тайлбарласнаар тус салбарынхан мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх нь элбэгшжээ. Хамгийн аюултай нь шинэ төрлийн манай нөхцөлд оношилж, эмчилэх боломж хязгаарлагдмал өвчнөөр эрүүл мэндийн салбарынхан өвддөг болсон аж. Түүнчлэн тус салбарт ажиллагсдын нас 5-10 жилээр богиноссон нь судалгаагаар тогтоогдсон байна. Уг нь монгол хүний насжилт уртассан гэх судалгааг холбогдох газруудаас гаргасан ч эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хувьд эсрэг дүнг үзүүлж буй аж.

Иймд эрсдэлтэй салбарт ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалах, халдвар хамгааллаас өөрсдийгөө сэргийлдэг болоход ажлын байран дээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх. Цалинг нь нэмэх зэрэг олон ажлыг хийх шаардлага бий аж. Холбооны хувьд эрүүл мэндийн салбар дахь хамгийн дээд цалин 3 сая төгрөг болох ёстой, 2016 онд ийм төвшинд хүргэх ёстой гэх шаардлагыг холбогдох газруудад тавьж эхлээд байгаа юм байна.

Хүний амь гэдэг юугаар ч сольшгүй зүйл. Үүний төлөө цаг наргүй хөдөлмөрлөж өөрсдийнхөө эрүүл мэндээр дэнчин тавьж яваа эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхгүйгээр тэдний нийгмийн асуудал ч шийдвэрлэгдэх боломжгүй гэнэ. Одоо энэ салбарт 40 мянга гаруй эмч, сувилагч ажилтан албан хаагчид ажилладаг байна.

Авто замын салбарт гэр бүл салалт өндөр

Авто замын салбарт ажиллагсдын 80 хувийг эрчүүд эзэлдэг бол 20 хувь нь эмэгтэйчүүд. Ажил нь улирлаас хамаарч эрчимжиж, саарч байдаг. Мөн олон сараар гэрээсээ хол ажил эрхэлдэг нь гэр бүл салахад нөлөөлж байгааг Авто замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Цэрэнпүрэв хэллээ. Мөн гэр бүл салалт тус салбарт өндөр хувь эзэлж байна гэсэн юм.

Хөдөлмөрийн нөхцлийн хувьд авч үзвэл Ажил олгогчид тус салбарт ажиллагсдыг олон цагаар ажиллуулдаг аж. Нэг өдөр 14 хүртэл цагаар ажилладаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс авто замын салбарт ажиллагсдыг өдөрт 10-аас илүү цагаар ажиллуулахгүй байх, 45 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг байх хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэхэд анхаарч ажиллах гэнэ.
 
Зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс хөдөлмөрийн салбарт бий болсон сөрөг үр дагаврын нэг нь Ажил олгогч ажилчиндаа илүү цагаар ажиллах шаардлага тавьдаг. Илүү цагаар ажиллуулсан хэрнээ хөдөлмөрийг нь үнэлдэггүй хууль зөрчсөн үйлдэл түгээмэл байгаа аж.

Боловсролын салбар дахь дарамтыг төрөөс үзүүлдэг

Боловсролын салбарт ажиллагсдын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Д.Саранцэцэг хэллээ. Тус салбарт гардаг зөрчил нь өөрсдөө хүсэлт гаргаагүй байхад хүчээр өргөдлийг нь бичүүлж тэтгэвэрт гаргадаг явдал. Орон нутагт ийм зөрчил багагүй гардаг. Хуульд зааснаар багш, ажилтан өөрөө хүсч, нэг, хоёр жилээр сунган ажиллах хүсэлт гаргавал Ажил олгогч хүндэтгэлтэй хандаж, хүсэлтийг нь хүлээн авах ёстой. Гэвч өргөдлийг нь жилийн өмнөөс бичүүлж, одоо тэтгэвэрт гарах өргөдлөө гаргахгүй бол тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэлэг олдохгүй гэх мэтчлэнгээр шахан эрхийг нь зөрчдөг үзэгдэл байсаар байгаа аж. Ийм зөрчил гарахад тухайн сургуулийн захирал өөрөө нөлөөлсөн байхаас гадна аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, цаашлаад яамнаас ийм шаардлага тавьдаг байж болох талтай аж. Гэхдээ хуульд тухайн ажилтан, албан хаагч өөрөө хүсэлтээ гаргаж, тэтгэвэртээ гарах өргөдлийг гаргахаар заасан байдаг тул ийм төрлийн асуудал тулгарсан бол Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандан хэлж асуудлаа шийдүүлэх боломжтойг холбооны дэд дарга хэллээ. Тус холбооны хувьд энэ чиглэлээр гарч байгаа хууль зөрчсөн үйлдлийг зогсоохын төлөө эрчимтэй ажиллана гэдгийг онцолсон юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж