Фото: Reuters
Украин дахь Оросын үйл ажиллагаанаас болон ирэх зургадугаар сард Сочид хийх «их найм» (G8) саммитийн бэлтгэлээ клубын долоон гишүүн орнуудын тэргүүн нар зогсоогоод байна. Энэ цагаар Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко ням гаригийн орой телевизээр ярихдаа Орос, Украин хоёрын хооронд дайн хэзээ ч гарахгүй хэмээн амласан байлаа.
Франц, Герман, АНУ, Канад, Итали, Япон, Их Британи зэрэг долоон орны төр, засгийн тэргүүн нарын мэдэгдэлд үр дүнтэй ярилцах байдал дахин гарч иртэл G8 байгууллагын саммитад бэлтгэх ажлаа зогсоолоо гэжээ. Их долоогийн мэдэгдлийг Цагаан ордны сайтад ням гаригийн орой байрлуулжээ.
«G7 ба G8 байгууллагын үйл ажиллагааны зарчим ба үнэт зүйлст Оросын Украинд явуулж байгаа үйл ажиллагаа харшилж байгааг бид тэмдэглэж байна» хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Оросын үйлдэл нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын харти, мөн Оросын өөрийнх нь Украинтай байгуулсан яриа хэлцэл зэргийг зөрчиж буй хэмээн бид буруутгаж байна гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путинд Крымын автономын улсад амьдарч байгаа орос иргэдийг хамгаалахын тулд Украинд цэргийн хүч ашиглах эрхийг өнгөрсөн бямба гаригт Холбооны зөвлөл өгчээ. Ерөнхийлөгчид өгсөн эрхийг хурдан хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн үг биш гэдгийг Гадаад хэргийн орлогч сайд Георгий Карасин сануулав.
Тэрээр даваа гаригт шилжих шөнө телевизээр ярихдаа, “Оросын хэн ч Украинтай дайтахыг хүсэхгүй байгаа” гэв. Үүнээс илүү тодоор “Бид ахан дүүс ард түмэн, бидний хооронд хэзээ ч дайн гарахгүй” хэмээн Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко хэлсэн байв.
Крымын хүн амын 56 орчим хувь болох оросууд Киевын шинэ засгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас тэд Орост хандан хамгаалалтдаа авахыг хүссэн байгаа.
Ням гаригт, Оросын ерөнхийлөгч Германы канцлертай утсаар ярихдаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ивээл дор Крымын байдлыг шалгах хэсэг байгуулахыг хүлээн зөвшөөрөв гэж Reuters мэдээлэв. Германы канцлер Меркель, “гаргаж болохгүй түрэмгийллийг” Украинд явуулан олон улсын гэрээ хэлцлийг зөрчлөө гэж Путиныг буруутгав. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг тэрээр Путинд уриалсан юм.
G7-гийн орнууд Кремльд хандан Украины удирлагатай шууд хэлэлцээрийг НҮБ ба ЕАБХАБ-ын зуучлалтайгаар эхлүүлэхийг санал болгосон байна. G7 тэмдэглэхдээ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал ба тэдний өөрийн сонголтыг хийх эрхийг дэмжихдээ санал нэг байна гэжээ. Мөн тэд шаардлагатай шинэчлэл явуулахад чиглэгдсэн Олон улсын валютын сантай Украины хамтран ажиллахыг дэмжихээр болж буйгаа мэдэгдэв. ОУВС нь Дэлхийн банк ба ЕХ-ны зүгээс санхүүгийн дэмжлэг авахад нь тус болно гэж G7 үзжээ.
Хэрэв G8 саммит боллоо гэхэд тэр нь сүүлийн 20 жилийн доторх хамгийн ширүүн уулзалт болно гэдгийг Дубай дахь цэрэг, улс төрийн судалгааны Inegma төвийн тэргүүлэх шинжээч Теодор Карасик хэлж байна.
Оросыг хэрэв Крымын түрэмгийллээ зогсоохгүй бол G8 клубаас хасна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгсний дараа G7-гийн орнуудын мэдэгдэл гарсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ мягмар гаригт Украинд ирж байгаа тухай The New York Times мэдээлэв. Түүний айлчлал нь Барак Обамагийн танхмаас Орост эдийн засаг, дипломат нөлөөлөл үзүүлэх арга хэмжээний нэг хэсэг болж байгаа хэмээн уг сонин онцолжээ.
Ерөнхийлөгч Борис Ельцины захиргааны үед Орос орон G8 клубын гишүүн болсон байв. Тус байгууллагыг үндэслэгч орнууд Оросыг клубын гишүүн болгосноор тэдний ардчилсан үйл ажиллагаанд тустай хэмээн тухайн цагтаа үзжээ. Дашрамд сануулахад, Путины засаг барьж буй үеэр Оросыг ардчиллын эсрэг хандлагатай боллоо гээд “Их найм”-аас хасах саналыг Америкийн бүгд найрамдахчууд тавьж байлаа.