“Майами” хит багийн лидер ЛеБрон Жэймс өнөөдөр /III.04/ “Шарлотт Бобкэтс” багтай хийсэн тоглолтод 61 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоолоо. АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн дөрвөн удаагийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт ЛеБрон Жэймсийн хувийн дээд амжилт нь 56 оноо бөгөөд 2005 онд “Клевлэнд Кавалиерс” багт байхдаа “Торонто”-гийн эсрэг тоглохдоо авсан юм. ЛеБрон өнөөдөр “Шарлотт Бобкэтс” багтай хийсэн тоглолтод 33 удаа довтолсноос 22-ыг оновчтой болгож, 66%-тай довтолсон байна. Мөн гурван онооны зайнаас арван удаа шидэж наймыг нь амжилттай оруулсан байна. 61 оноо авсан ЛеБрон Жэймс “Майами Хит” багийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан тоглогч болж байна. Өмнө нь, 1995 онд “Майами Хит” багийн Глэн Райс 56 оноог “Орландо Мэжик” багийн эсрэг авч байжээ.
“Шарлотт Бобкэтс” баг энэ жил хоёр түүхэн амжилтын “хохирогч” болж байна. Одоогоос сар гаруй хугацааны өмнө “Нью-Йорк Никс” багийн лидер Кармэло Энтони 62 оноо авч, хувийн амжилтаа ахиулж байсан билээ.
Өнөөдөр “Майами Хит” “Шарлотт Бобкэтс” багийг талбайдаа хүлээн авсан энэ тоглолт 124:107-гийн харьцаатай эзэд хожсон. “Майами Хит” багаас ЛеБрон Жэймс 61 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоосон бол Крис Бош 15 оноо, Рэй Аллен есөн оноо авсан байна. Өнөөдрийн тоглолтод “Майами Хит” багийн ахлагч Дуэйн Уэйд оролцоогүй юм. Харин талбайн зочин “Шарлотт Бобкэтс” багаас Ал Жефферсон 38 оноо, 19 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүлсэн байна.
Б.БИЛЭГ