Ж.Батболд: Ойн цэвэрлэгээ энэ салбарыг хөл дээр нь босгоно

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Ж.Батболд: Ойн цэвэрлэгээ энэ салбарыг хөл дээр нь босгоно

Засгийн газраас “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн талаар БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа.

Хоёр сая га талбайд ойн цэвэрлэгээ хийнэ

-Саяхан засгийн газрын хуралдаанаар “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр батлагдлаа. Монгол Улс бараг анх удаа орон даяар ойн цэвэрлэгээг жинхэнэ утгаар нь  эхлүүлэх гэж байна. Тэгэхээр, цэвэрлэх шаардлагатай хичнээн хэмжээний ой бий вэ? Хөтөлбөрийн хүрээнд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайд нарийвчилсан судалгаа хийсэн үү?

-Сая “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр батлагдсаны дараа хэвлэлээр Монгол орны нийт ойн 76 хувь нь цэвэрлэх шаардлагатай мэтээр хүмүүст ойлголт өгсөн байна лээ. Энэ буруу ойлголт шүү. Монгол Улс 18 сая га ойтой. Үүний 2 сая га ойг цэвэрлэх шаардлагатай. Энэ нь нийт ойт талбайн 11 хувь нь болж байна. Цэвэрлэх шаардлагатай ой гэдэг нь унасан, хатсан, түймэр өртсөн, хорхойд идүүлээд үхсэн мод бүхий талбайг хэлж байгаа юм. Энэ хоёр сая га талбайд ойн цэвэрлэгээг зохион байгуулна.

Харин Монгол орны нийт ойн нөөцийн 76 хувь нь болц гүйцсэн ой. Болц гүйцсэн ой гэдэг нь ойн насжилттай холбоотой ухагдахуун. Залуу ургаж, төлжиж байгаа ой биш  гэсэн үг юм билээ. Өөрөөр хэлбэл, мод нь хөгширч, нойтон цас, шуурга, салхинд унах, хорхой шавьжид  идүүлэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Хүнээр жишээ болговол нийт хүн амын 76 хувь нь 70-аас дээш настай байна гэвэл олонхид насжилттай холбоотой олон асуудал үүсэх нь ойлгомжтой, түүнтэй л адил юм. Өнгөрсөн жил бид Ойн судалгаа хөгжлийн төвдөө үүрэг даалгавар өгч, хөрөнгө зардлыг нь шийдэж өгсний үр дүнд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбай, түүний байршил, цэвэрлэгээнээс гарах бүтээгдэхүүний талаар сайн мэдээлэлтэй болоод байгаа. Монгол Улсын 14 аймаг, нийслэлийн 1 дүүргийн ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа.

-Хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ жил хичнээн хэмжээний  талбайг цэвэрлэх вэ?

-Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумын ойг цэвэрлэхээс ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа. 2014 онд 21 мянган га талбайг хамруулах зорилт тавьж байна. Тэгэхлээр нийт цэвэрлэх шаардлагатай га талбайн 1 орчим хувьд нь энэ жил цэвэрлэгээ хийх нь. Ийм хурдаар ажиллавал 100 жилийн ажил байх гээд байгаа юм. Иймд бид ирэх жилээс ажлаа эрчимжүүлнэ, жилд 40-50 мянган га-д хүргэнэ.

Ойн цэвэрлэгээний үед нэг ч ногоон мод огтлох ёсгүй

-Ойн цэвэрлэгээ нэрийн дор яг ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг юм бэ. Ойн цэвэрлэгээг явуулах тухай тусгай дүрэм журам байдаг уу?

-Юуны түрүүнд хэлэхэд ойг цэвэрлэнэ гэдэг  мэргэжлийн үйл ажиллагаа. Ойн мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжүүд хийнэ гэсэн үг. Ойн түймэр хөнөөлт шавьжид нэрвэгдэн үхсэн, хүчтэй салхи шуурга, их цасанд өртөн амьдрах чадваргүй болон үхжиж унасан хуурай мод, гишүү мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг ойгоос гаргахыг ой цэвэрлэгээний ажил гэдэг. Тусгай дүрэм журамтай. БОНХЯ-аас 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А 234 гэсэн тоот тушаалаар батлагдсан “Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам” бий. Энэ журмын дагуу ойгоо цэвэрлэнэ. Хүмүүс ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон, ногоон мод огтолчих вий, далимдуулаад хууль бус бизнес хийчих вий гэж санаа зовж байх шиг байна. Ойн цэвэрлэгээ нь арчилгаанаас өөр зүйл шүү. Ойд арчилгаа хийх гэдэг нь шигүү ургасан зулзаган ой дахь гэрлийн хэмжээг нэмэгдүүлэх түргэтгэх зорилгоор модыг сийрэгжүүлж амьд мод огтлодог. Энэ хөтөлбөр арчилгааны хөтөлбөр биш. Тиймээс ойн цэвэрлэгээний үед нэг  ч  ногоон мод огтлох ёсгүй.

-Унасан, хатсан, мөчир хожуулыг нь бүгдийг хуу хамж  цэвэрлэх үү?

-Унасан, хатсан бүгдийг нь хуу хамаад авна гэж ойлгож болохгүй. Ойн шинжлэх ухаанд цэвэрлэх ёстой ойн массын 30 хувь нь ойдоо үлдэх ёстой гэж тогтоосон байдаг. Энэ хувь хэмжээ  нь ойн хөрсийг нөхөн төлжих, экосистемийг тэтгэх шим тэжээл болдог. Харин гадаад оронд бүгдийг цэвэрлэснийхээ дараа тодорхой хувийг зоргодос, үртэс хэлбэртэйгээр ойн хөрсрүү цацдаг. Ингэснээр хөрсрүүгээ шингэж ойн ялзмаг үүсгэдэг. Манай улс ч цаашдаа энэ технологи руу орох ёстой. Зарим хүмүүс энэ хөтөлбөрийг шүүмжилж унасан мод нь унаснаараа үлдэг ээ гэх юм. Ингэж болохгүй шалтгаан бас байна.

Ойгоо цэвэрлэснээр хулгайн мод, түймэр, хортон
шавьжийн хөнөөл багасна


-Яагаад ойг цэвэрлэх шаардлагатай гэж, нээрээ байснаар нь орхиж болохгүй юм уу?

-Монгол Улс харьцангуй маш бага хэмжээний ойтой. Нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг. Гэтэл ой маань жил бүр багасч байна. Юуны учраас багасч байна вэ гэхээр хортон шавьж, түймэр, хууль бус мод бэлтгэл хамгийн хөнөөлт 3 шалтгаан нь. Хулгайн мод ойд ойр төв суурин газар, ялангуяа нийслэл хотыг тойрсон 200 км-ийн тойрогт үнэхээр их байна. Улсын хэмжээнд гарч байгаа түймэр болон  хортон шавьжны нөлөөгөөр үхэж байгаа ой сэргэж байгаагаас 10 дахин их хэмжээтэй. Тухайлбал олон жилийн дундажаар жил бүр 150.0 мянган га ойн хортонд нэрвэгдэж, 236.9 мянган ой түймэрт өртөн шатдаг бол  Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа ойжуулалтын арга хэмжээ  (8 мянган га) ба байгалийн аясаар нөхөн ургаж  буй (22.1 мянган га ) ойн нийлбэр нь хорогдож буй ой бүхий талбайгаас ямагт бага байсаар ирсэн юм. Энэ жил манай улс анх удаа, жилдээ багтааж ойн тооллого хийнэ. Тэгэхэд дээрх тоо улам тодорхой болох байх.

Ойн цэвэрлэгээ хийснээр хулгайн мод, түймэр, хортон шавьж багасна. Унасан хатсан мод нь ойн түймрийг тэтгэх маш том хүчин зүйл. Унанги хатсан мод нь амьд мод хооронд маш хурдан гал дамжуулах механизм болдог учир ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн 10 жилд 100 мянган га-д тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 байгаа нь шатамхайн дунджаас их зэрэглэлд шилжжээ. Энэ нь нэг га дахь унанги модны нөөц буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой. Ойд цэвэрлэгээ хийвэл түймрийн тоог 2 дахин, түймэрт өртөх ойн талбайн хэмжээг 3-4 дахин бууруулах боломж бүрдэнэ. Мөн шинэс, нарсны түймэрт тэсвэрлэх чадавхийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж ойн мэргэжилтнүүд хэлж байна.

Хортон шавьжны үүрлэж, үрждэг орчин нь хатсан унанги мод. Ялангуяа түүн дээр модлог идэшт хортны өндөг авгалдай бойжиж, өсөж үрждэг гэж манай ойн мэргэжилтнүүд хэлдэг. Цаашид ойн шавьжнаас ангижирахыг хүсвэл үүрийг нь цэвэрлэх хэрэгтэй юм байна.

Хууль бус мод бэлтгэл бол модны хэрэглээ, эрэлттэй шууд холбоотой.  Иргэдэд түлээ ба мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээ байсаар байна. Хэрэгцээ байгаад олдоц муу бол модны үнэ өндөр байж таарна. Тийм ч байгаа. Тиймээс өндөр ашгийн төлөө хүмүүс хууль хяналтынханд баригдах эрсдэлийг тоохгүй модны хулгайг хийсээр байна.

Монгол Улсад жилд хоёр сая шоо метр түлээний хэрэгцээ байгааг судалж тогтоосон. Улаанбаатар  хотын хэрэгцээ 540 мянган шоо метр. Гэтэл улсын хэмжээнд жилдээ  667 мянган шоо метр түлээ хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, бодит хэрэгцээнээс гурав дахин бага түлээ нийлүүлж байгаа юм. Тэгэхээр түлээний үнэ өндөр байхаас аргагүй. Түлээ бодит үнээсээ 4-5 дахин их өртөгтэй зарагдаж байна. Нэг шоо метр түлээний үнэ 100 мянга орчим  төгрөг байгаа. Хэрвээ бид ойгоо цэвэрлэчихвэл түлээний хэрэгцээгээ  100 хувь хангах төдийгүй, одоогийн хэрэглээгээр бол 100 жил, бүх хэрэгцээгээ хангана гэвэл 32 жилийн түлээний нөөц ойдоо хэвтэж байна.

Мөн ойн нөөцгүй аймгуудыг түлээгээр хангах зорилт ч биелэх боломжтой. Говь хээрийн бүсийн аймгуудын түлээний хэрэгцээг хангавал заган ойг хамгаалахад ч ач холбогдолтой болно. Говь хээрийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говь-сүмбэр, Сүхбаатар, Ховд зэрэг долоон аймгийн түлээний хэрэгцээ 230 мянган  шоо метр. Үүнийг ойн цэвэрлэгээнээс нийлүүлбэл ийм хэмжээний заг болоод элсний нүүдэл цөлжилтийг зогсоодог мод бутыг аварч байгаа хэрэг юм.

Үүний зэрэгцээ импортын бүтээгдэхүүнийг орлох  үйлдвэрлэлд амжилт олох боломж гараад байна. Модон шахмал хавтангуудыг Монголдоо үйлдвэрлэнэ. Үүний үндсэн түүхий эд нь үртэс, зоргодос. Үртэс, зоргодсыг хуванцартай холиод маш бат бөх модон-хуванцар үйлдвэрлэж байна. Цонхны раам, шкаф, хаалга зэрэг нь эрэлт ихтэй, импортоор авдаг. Тэгвэл аж ахуйн нэгжүүд ийм үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд бэлэн байна. Ганцхан түүхий эд болох үртэс нь алга.  2014 онд төлөвлөснөөр ойн цэвэрлэгээнээс 63 000 тонн үртэс, зоргодос гарах тооцоо бий.  Тиймээс дээрх төрлийн үйлдвэрлэлд боломж нээгдэж байна. Мөн үртсийг шахмал түлшний үйлдвэрүүдэд нийлүүлж болно. Манай улсад шахмал түлшний 27 үйлдвэр байгаа ч жилдээ ердөө л 12000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Гэтэл шахмал түлшний нийт хэрэгцээ 800 мянган тонн. Хангалттай хэмжээнд шахмал түлш үйлдвэрлэх боломжгүй шалтгаан нь түүхий эд болох үртэс хүрэлцээгүйтэй мөн л холбоотой. Маш сайн зохион байгуулалттайгаар энэ ажлыг эхлүүлбэл түлээний эрэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл байхгүй болно. Түлээний мод оруулж ирэх нэрийдлээр мод хулгайлдаг асуудал алга болно. Ийм л олон үндэслэл шалтгаанаар ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм.

-Хэрэв цэвэрлэхгүй бол ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хулгайн мод, түймэр, хортон шавьжийн үржлийг дам “тэтгэдэг” хуучин тогтолцоо үргэлжилсээр байх биз!!!. Монгол Улсын ойг “ашиглалтын ой биш, зөвхөн хамгаалалтын ой” гэсэн үзэл баримтлалыг хэт туйлшруулснаас манай орны ойн төлөв байдал ийм байдалд оржээ гэж үзэх хүмүүс олон байдаг. Би үүнтэй санал нэгддэг. Өөрөөр хэлбэл, хамгаалал нэрийн дор хав дарж ой хамгааллын нөхцлийг “муутгадаг” гаж тогтолцоо оршиж байна. Үүнийг өөрчлөх оролдлогын нэг эхлэл нь ойн цэвэрлэгээ хөтөлбөр байх болов уу. Нөгөөтэйгүүр, зах зээлийн үнэлгээгээр манай ойд 5.8 их наяд төгрөгийн буюу 64 сая шоо метр хатсан үхсэн унанги мод байна. Бид энэ их баялгийг тоохгүй тийм баян улс билүү? Тэгээд бас иргэдийнхээ мод түлээний хэрэгцээг яаж хангах юм бэ?

Зайлшгүй цэвэрлэх шалтгаануудыг дээр би тоочлоо. Дээр дурьдсан тоон үзүүлэлт яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийнхний бүтэн жил хийсэн судалгаа. Монгол орны хэмжээнд хаана цэвэрлэх шаардлагатай ой байна, тэнд нь ямар хэмжээний мод байна, зам байна уу гэх зэргээр бүх талын судалгааг хийлгэсэн. Би энэ албыг хүлээж аваад Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хамгийн анхны хурлаараа хууль бус мод бэлтгэлийг хэрхэн бууруулах сэдвийг авч хэлэлцээд энэ судалгааг эхлүүлсэн. Бидний бүтэн жилийн хөдөлмөр. Засгийн газрын тогтоолоор хөтөлбөр болж батлагдан хэрэгжих гэж байгаад би үнэхээр их баяртай байгаа. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо сайн дэмжиж өгсөн. Г.Баярсайхан, Д.Арвин, А.Бакей зэрэг УИХ-ын гишүүд хөтөлбөрийг боловсруулах, шийдвэр гаргуулахад дэмжиж тусалсанд бид их талархаж байгаа.

-“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг дагалдан ямар нэгэн сөрөг үр дагавар гарах болов уу?

-Зохион байгуулалтаас л болно. Энэ ажлыг маш сайн зохион байгуулж чадвал сөрөг нөлөөлөл гэхээсээ эерэг нөлөөлөл ихтэй гэж харж байгаа.  Гэхдээ цэвэрлэгээний модны тээвэрлэлттэй зэрэгцээд хулгайн модны зөрчил гарч болзошгүй. Мөн ногоон мод огтолж, түймэр гаргах, зулзаган мод гэмтээх,  ойн экосистемийг  бохирдуулах, ан амьтныг агнах, мөн техникийн эвдрэл, осол аваар гаргах зэрэг олон талын сөрөг нөлөө гарч болохыг үгүйсгэх аргагүй. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэхийн тулд ойн мэргэжлийн байгууллагуудад аюулгүй ажиллагаа болон дүрэм журам, техник технологи, аргачлалуудыг сайн танилцуулж сургалтад хамруулна. Хөдөлмөрийн аюулгүй байдал болоод эко системд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг гаргахгүй байх талаар гэрээ байгуулж, зааварчилгаа өгч ажиллахыг “Ой судалгаа хөгжлийн төв”-д  даалгаад байна.

Энэ ажлыг далимдуулж хууль бус үйлдэл гаргахыг хаах зорилгоор яамны дэргэдэх хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасгаа Ойн судалгаа хөгжлийн төвд шилжүүлжсэн. Тэд ойн цэвэрлэгээний явцад гарч болзошгүй хууль бус үйлдлийг таслан зогсоох зэргээр хяналт тавьж  ажиллах юм. Хэрвээ энэ чухал ажлыг далимдуулсан оролдлого хийхийг санаархаж байгаа хүмүүс байвал бүтэхгүй шүү, тэр санаагаа эртхэн орхих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Хөдөөд 30-40 мянган ажлын байр шинээр бий болно

-Хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдэнэ гэсэн төсөөлөл бий. Тооцоо судалгаа байна уу? 

-Орон нутагт маш олон ажлын байр бий болно. Улсын хэмжээнд  1000 гаруй нөхөрлөл бий. Ойн нөхөрлөлүүд орон нутагтаа ойгоо хариуцдаг ч үр шимийг нь хүртэх тал дээр учир дутагдалтай байдаг. Тэднийг сургаж, дадлагажуулан  ойн цэвэрлэгээний ажилд оролцуулна. Бидний тооцоогоор зөвхөн энэ жил гэхэд 1000 орчим хүн байнгын ажлын байртай болно. 2014 онд 2 аймгийн 5 сум, ирэх жилүүдэд  14 аймгийн нутаг дэвсгэрт ойн цэвэрлэгээ хийнэ. Тэгэхлээр цаашдаа 30-40 мянган ажлын байр бий болох тооцоо байгаа. Эдгээр хүмүүсийн авч байгаа цалин аж ахуйн нэгжийн улсад тушаах татвар хураамж зэргийг бодоход эдийн засгийн өгөөж их сайн байх юм. Нөхөрлөлийн гишүүд  хангалттай орлоготой болох тооцоо бий. Монгол Улс ойгоо цэвэрлэснээр ойн салбар хөл дээрээ босно.

-Яагаад? Ойн мэргэжлийн байгууллагуудын оролцоо ямар байх вэ?

-Ойн мэргэжлийн 400 гаруй аж ахуйн нэгж, мөн орон нутгийн өмчит  32 ойн анги  байдаг. Тэдэнд хангалттай ажил олддоггүйгээс дэвжиж дээшилж чадахгүй байдаг. Ойн судалгаа хөгжлийн төв нь маш бага төсөвтэй, улсын төсөвт байгууллага. Эдгээр нөхөрлөл, ойн бүх байгууллагууд ойн цэвэрлэгээ хөтөлбөрт оролцсоноор хийх ажилтай, ашиг орлоготой болох төдийгүй ойжуулалт, нөхөн сэргээлтийн зардалтай болох боломжтой. Наад зах нь ой хамгаалал, хяналт шалгалт хийх зардалтай болно. Тийм учраас л ойн салбар босоод ирнэ гээд байгаа юм.

-Ойн цэвэрлэгээ хийснээр түлээний үнэ буурах уу? Ер нь модны үнэд яаж нөлөөлөх вэ?

-Түлээний үнэ буурах боломж харагдаж байгаа. Уулын хамгийн хэцүү бэрх газарт цэвэрлэгээ хийх боловч модыг цагаалан ойн захад ирэхэд одоогийн зах зээлийн ханшаас 3-4 дахин бага байх боломж харагдаж байна лээ. Гэвч талбай тусгаарлалт, хяналт шалгалт, тээвэр зөөвөр, зам харгуй засах зардал мөнгийг тооцвол өртөг нэмэгдэнэ. Тэглээ ч дөрөвний нэгээр буурах боломж байгаа л болов уу.

-“Ойн цэвэрлэгээ”-г эсэргүүцэж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Уг нь ойн экосистем, нийгэм, эдийн засгийн ийм олон талын ач холбогдолтой хөтөлбөрийг эсэргүүцэх шалтгаан баймааргүй л юм. Зарим иргэд энэ ажлын шинжлэх ухааны үндэслэл, тооцоо болоод экосистемийн ач холбогдлыг сайтар ойлгоогүйгээс элдэв яриа гаргаж болохыг үгүйсгэх аргагүй. Харин ач холбогдлыг нь мэдсээр байж эсэргүүцэж байгаа хүмүүс байвал тэд хууль бус мод бэлтгэлийн сүлжээ бизнесийг дэмжигчид, оролцогсод л байж таарна. Модны гарал үүслийн гэрчилгээ, түлээний гоожингийн зохиомол хомсдол бий болгодог, дамладаг, хулгайн модны тээвэрлэлтийн замын “аюулгүй” байдлыг хангадаг, хэргээс мулталдаг бүхэл бүтэн сүлжээг манай хуучин бодлого, тогтолцоо маань бий болгосон. Ойн цэвэрлэгээ хөтөлбөр амжилттай хэрэгжихэд хамгийн том “цохилт” авах хүмүүс эд нар байх болно.

-Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Засгийн газраар батлагдсан “Ой цэвэрлэгээ хөтөлбөр”-т энэ ажлыг БОНХЯ-ны харъяа “Ой судалгаа хөгжлийн төв” хариуцан хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Тиймээс энэ байгууллага толгойлж хэрэгжүүлнэ. Гэхдээ манай яам гарах үр дүн, зохион байгуулах зарчим, гүйцэтгэх ажлын хэмжээний талаар тушаалаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллана. Манай тавьж байгаа зарчмын хэдэн шаардлага бол юуны өмнө энэ ажлыг мэргэжлийн өндөр төвшинд, ойн экосистемийг сүйтгэхгүйгээр дүрэм, журам, аргачлал стандартыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Хоёрдугаарт, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудыг энэ ажилд хамруулах, эдгээрийн оролцоог хангахдаа шудрага, нээлттэй, ил тод зохион байгуулах, мөн шинээр ажлын байр бий болгох замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  гуравдугаарт, түймэр, хууль бус мод бэлтгэл, осол аваар, зөрчил гарахаас сэргийлж, бэлтгэлийг сайтар ханган, ажиллах хүчийг сургаж мэргэшүүлэх, хатуу чанд хяналтын механизмтай ажиллах дөрөвдүгээрт, хөтөлбөр хэрэгжих явцад нийслэл, хот суурин, ойн нөөцгүй аймгуудыг түлээний хэрэгцээг хангах, түлээний үнийг одоогийн төвшнөөс бууруулах зэрэг зарчмын шаардлагуудыг тавьж байгаа. Эдгээр үр дүнд хүрэх арга зам, тактикаа тэд өөрсдөө сонгон хэрэгжүүлэх юм.

Б.МЯГМАНСАНЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж