Зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг киног найруулан дэлгэцийн бүтээл болгосон И.Нямгаваа найруулжээ.
Жаргал хэмээх эрэн сурвалжлагч сэтгүүлч залуугийн дүрийг жүжигчин У.Пүрэвжав бүтээж, түүний эхнэр Болороогийн дүрд “TV коктейл” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш тогложээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр төлөөлүүлэн нийгмийн хурц асуудлуудыг хөндсөн энэхүү бүтээлийн эсрэг дүрийг жүжигчинМ.Дорждэрэм гаргажээ.
Сэтгүүл зүйн сэдэвчилсэн кино учраас мэргэжлийн талаас нь ерөнхий редактороор Б.Галаарид , Б. Батбаяр, Б. Цэнддоо нар ажилласан байна.
Кино уран бүтээлчид зөвхөн дотоодод гэлтгүй гадны кино наадмуудад ч сойх сайн чанартай бүтээл хийхийг эрмэлзсэн гэх бөгөөд өртөг зардлын хувьд ч одоо хийгдэж байгаа кинонуудаас хоёр дахин илүү үнээр бүтсэн гэнэ.
“Хязгааргүй” кино 2014 оны гуравдугаар сарын 7-ны өдөр кино театруудад нээлтээ хийхээр болсон бөгөөд энэхүү бүтээлийн эвлүүлгийн найруулагч Э.Анхжаргал “Энэ кино бол И.Нямгаваа найруулагчийн агуу их сэтгэлгээний үргэлжлэл” хэмээн онцолсон юм. Мөн киноны гол дүрийн баатар У.Пүрэвжав “Хэрэв сэтгүүлч гэсэн нэрийг зүүсэн бол зоригтой бай” хэмээн сэтгүүлч Жаргалын дүрээр мэргэжил нэгтнүүддээ хэлсэн юм.
И. Нямгаваа найруулагч АНУ-д байгаа тул хэвлэлийн хуралд оролцож чадаагүй ч киноныхоо нээлтэн дээр ирнэ байх гэдгийг кино уран бүтээлчид хэлсэн бөгөөд нэрний хувьд “Энэ хязгааргүй гэдгээс өөр нэр жижигдэх гээд байсан юм. Энэ бол хязгааргүй сэтгэлгээний хязгааргүй бүтээл” хэмээсэн юм.