Их хэмжээний сум илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Их хэмжээний сум илрүүлжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар хоёрдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623… тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илэрчээ. Нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркын калибрь бууны  сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.

Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хуулийн байгууллагад шилжүүлжээ.

АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Галт зэвсэг, сумыг улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж импортолдог бөгөөд хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж