2014 оны волейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд өнөөдөр тодорно. Энэ жилийн Волейболын оюутны УАШТ хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн. Энэ удаагийн оюутны УАШТ-д 12 их, дээд сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 11 багийн нийт 230 гаруй тамирчин өрсөлдөж байна. Уг тэмцээнийг Монголын Оюутны Спортын Холбоо, Монголын Волейболын Холбоотой хамтран зохиодог уламжлалтай. МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн спорт зааланд болж буй энэхүү тэмцээнийг волейболын холбооны шүүгчид шүүж амжилттай зохион явуулж байна. Энэ удаагийн оюутны УАШТ дөрвөн өдрийн турш үргэлжилж, өнөөдөр /III.3/ медалийн төлөөх тоглолтууд явагдаж байна.
Эрэгтэй багуудаас алтан медалийн төлөө МУИС, ХААИС-ийн баг тоглох бол хүрэл медалийн төлөө МУБИС, ШУТИС-ийн баг тоглохоор шалгараад байна.
Эмэгтэй багуудаас медалийн төлөө тоглолтод МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС-ийн баг тамирчид шалгараад байна.
С.ӨЛЗИЙБАДРАХ