Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Энэ бэлэг мөн үү?

Та
хэзээ нэгэн цагт зурагт радио, сонин сэтгүүлээс "Хайрт нөхөртөө
Tescoma-гийн хайруулын таваг бэлэглээрэй" эсхүл "Манай будаа агшаагч,
хоолны сав, тоос сорогч, угаалгын машин бол эх үрсийн баяраар үрдээ өгөх
хамгийн сайхан бэлэг болно" гэсэн агуулгатай зар сурталчилгаа сонсож
байсан уу? За юу л бол, аягүй л бол "энэ ямар тэнэг хачин юм асуудийн,
ийм зар гэж юу байсан юм" гээл бодож байна уу? тэгвэл бас байна аа байна
цаана чинь… Гэхдээ гагцхүү эхнэрүүдэд чиглэсэн шүү…

Олон
улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг манайд маш өргөн хэмжээнд
баяр наадам болгон тэмдэглэдэг болоод удаж байгаа. Үүнд муу юм гэж юу
байх вэ, төр засгаас хүртэл эхчүүд эмэгтэйчүүддээ хичнээн хайртайгаа
харуулж бүх нийтийн амралтын өдөр болгон бэлэг барьж байхад нөхөр нь
эхнэрээ, үр хүүхэд нь ээж, эмээгээ баярлуулах гэж хэрэндээ хичээх нь
аргагүй. Юу бэлэглэж баярлуулахаа мэдэхгүй байгаа бидэнд зориулж нөгөөх
компаниуд харин асар сүртэй зар хийж байна шүү дээ.

Хайртай
эхнэртээ хамгийн сайн хайруулын тавгийг авч өгөөөрэй л гэнэ, Манай
ууранд жигнэгч хайртдаа бэлэглэх хамгийн сайхан бэлэг тань байх болно л
гэнэ, ер сав суулга халбага шанага бүгд л Мартын 8-ны эхнэрт тань таарах
хамгийн том бэлэг гэнэ шүү..

За яахав төсөөлөөд үзье л дээ,
Хайрт нөхөр маань гоё том боодолтой бэлэг тэврэн орж ирнэ.. Тэгээд бөөн
баяр болон задалтал "Хайруулын таваг"… Зар ёсоор бол би бөөн баяр болж
ханийгаа тэврэн үнсээд, эмэгтэй хүний сониуч сэтгэлийнхээ дагуу
бушуухан гал тогоондоо ороод туршиж үзэх нь байна шүү дээ.. Хэр романтик
бууж байна. Би бол ийм аймшигтай мэдрэмжгүй, Патриархи ёсыг жинхэнэ
утгаар нь хөгжүүлж буй нийгэмд амьдарч байгаагаа л мэдрэхээс өөрөөр юу
гэж таалахаа мэдэх юм алга.

Миний бодлоор "Бэлэг" гэдэг гагцхүү
эзэндээ зориулагдсан, түүний өмч, түүнд сэтгэл ханамж өгдөг сайхан зүйл
байх ёстой болов уу. Тэгэхээр одоо эхнэрүүд нь нөхрийнхөө өгсөн
хайруулын тавган дээр нэрээ бичээд ганцхан өөртөө зориулж хоол хийж идэх
үү? Тогооч мэргэжилтэй эсхүл хоолны хэрэгсэлд дуртай эхнэрүүд байж
болох ч заруудад эхнэр чинь хоол хийх дуртай бол гэсэн ганц ч өгүүлбэр,
үг байдаггүй юм шүү. Гэр бүлийнхээ тавтай тухтай байдлын төлөө сайхан
хоолны хэрэгсэлтэй байхыг хүсэхгүй эмэгтэй байхгүй ч, гэр бүлдээ зориулж
худалдаж авахаас нөхрөөсөө БЭЛЭГ болгон авахыг хүсэх нь юу л бол..

Хэтэрхий
нуршсан бол өршөөнө биз, Эцэст нь хэлэхэд хүний эрх, тэгш эрх бүхий
ардчилсан нйигэмд амьдрах гэж, түүнийг бүтээх гэж ядаж байхад ийм
утгагүй "Эмэгтэй хүн бол хоол бэлдэгч, тоос сорогч, угаагч" мэт үзсэн
нэгэн хэвийн реклам зараасаа арай л дөнгүүр юм бодож олоосой доо
РЕКЛАМЧИД МИНЬ…

Л.ПАГАМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж