-888 төсөл шалгаруулсан байна. Эдийн засгийн үр өгөөжийг нь хэрхэн судалж, шалгаруулалтыг хийв?
-Санхүүгийн эх үүсвэрийг Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкууд хамтарсан гурван талын хамтын ажиллагааны хүрээнд ажиллана. Экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлээр манай улсын төлбөрийн тэнцэл, худалдааны тэнцлийг судалж үзэхэд нийт 888 төсөл орон даяар хэрэгжихэд төслийн хүрээнд есөн их наяд төгрөгийн эерэг нөлөөг эдийн засагт өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мэдээж 888 төсөл нэг жилийн дотор хэрэгжинэ гэж байхгүй ч хэрэгжих боломжтой, үр өгөөжөө өгөх боломжтой төслүүдийг шалгаруулаад байна.
-Шалгарсан төслүүдийн талаар болон бусад мэдээллийг хаанаас авах вэ?
-Хөгжлийн банкны вэб сайтаар дамжуулан өнөөдрөөс эхлэн бүх мэдээллийг цацаж эхэлнэ. Төслүүдтэй холбоотой болон шалгаруулалтын талаар, ангилал гээд бүх мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа.
-Санхүүжилтийг хэрхэн зохицуулж байгаа вэ. “Самурай” болон “Чингис” бондуудаас 1/3-ийг нь санхүүжүүлнэ гэж заасан байгаа?
-Нийт төслүүдэд хэрэгтэй санхүүжилтийн гуравны нэг хүртэлх хэмжээг Засгийн газрын эх үүсвэрээс гаргана. Үүнд “Самурай” болон “Чингис” бонд орсон. Мөн Монголбанк арилжааны банкуудтай хамтран нэмэлт санхүүжилтийг гаргах боломжтой болох байх гэж харж байна. Мэдээж хэрэг бүх зүйл тодорхой болсон цаг тухайд нь мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
-Санхүүжилтийг гуравдугаар сарын 15-нд олгоно гэж байсан ч хойшилсон. Эхний ээлжинд шалгсарсан төслүүд хэзээнээс санхүүжилтээ авч эхлэх вэ?
-Ирэх тавдугаар сард багтааж санхүүжилтээ олгоно гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 1151 төсөл тус бүр дээр ажиллаж, нэг төсөл дээр гэхэд 100 гаруй төрлийн мэдээллийг гаргаж ажилласны үр дүнд одоо нэлээд ул суурьтай мэдээлэлтэй болсон. Цаашид энэ мэдээлэл дээрээ тулгуурлаад санхүүжилтүүдээ цаг алдалгүй хийнэ.
-Зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг өөр санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой юу?
-Засгийн газраас 2013 онд экспортыг дэмжих хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр 2017 он хүртэл нийт таван жил хэрэгжих хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд төслүүдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, санхүүжүүлж, үргэлжлэх боломжтой байх.
-888 төсөл арилжааны банкуудын шалгуурыг хангахгүй бол яах вэ?
-Тодорхой төслүүд дээр санхүүжилтээ эргүүлэн авахын тулд санхүүгийн чадвартай төсөлд хөрөнгө оруулна гэдэг хамгийн анхан шатны шаардлага.
-“Самурай” болон “Чингис” бондын хувьд ам.долларын зээл учир хүү нь ам.долларын ханшаас шалтгаалаад өсч байгаа. Харин шалгарсан төслүүдэд ес хүртэлх хувийн хүүтэй төгрөгийн зээл олгоно гэж байна. Есөн хувийн төгрөгийн зээл нь бондын мөнгийг эргэн төлөхөд хүрэлцээтэй эсэхэд санаа зовох хүмүүс бас байна?
-“Самурай” болон “Чингис” бондуудын эргэн төлөхөд хангалттай хүрэлцэх хэмжээний нөхцөл тавьж байгаа. Алдагдал гарахгүй, зээл авсан хүмүүст ч хүндрэл учрахгүй байхаар зохицуулна.