Архинд хандах нийгмийн сэтгэлгээг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Архинд хандах нийгмийн сэтгэлгээг өөрчилнө

Сонгинохайрхан дүүрэгт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд өчигдөр эрхзүйн мэдлэгээ дээшлүүллээ. Тодруулбал, тус дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд шинээр батлагдсан хууль, дүрэм журмуудыг таниулах сургалт зохион байгуулсан юм.  Сургалтад хороо бүрээс 10 хүн оролцжээ. Сургалтын үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Х.Нямбаатар нээж үг хэлсэн юм. Тэрбээр иргэд, аж ахуй нэгжүүдийг дүрэм журмаа мөрдөж, үйлчилгээний соёлыг дээдэлж ажиллахыг хүсч байсан юм. Мөн дүүргийн зүгээс архины дэлгүүрүүдийг цөөрүүлэх, хаах боох бодлого барихгүй үүний оронд архинд хандах нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, залуучуудын ухамсрыг дээшлүүлэх нь илүү үр дүнтэй болохыг хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг гадаад орчноо цэвэрхэн байлгахаас эхлээд бага насны хүүхдэд архи худалдаалахгүй байх шударга сэтгэлгээтэй байхыг зөвлөсөн.

Сургалтад дүүргийн ЗДТГ-ын газар хэлтсийн дарга нар оролцож УИХ, нийслэл, дүүргээс гарсан хууль, дүрэм журмын талаарх танилцуулгыг хийсэн юм.  Харин иргэд, аж ахуй нэгжийн төлөөллүүд ИТХ-ын дарга Х.Нямбаатар хийгээд бусад газар хэлтсийн дарга нараасаа сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ II” төвийн эрхлэгч Б.Түвшинтөгс архи, сонгтууруулах ундаатай холбоотой хууль тогтоомж дүрэм журмын амьдрал нийцэхгүй, цоорхойтой байдлыг шүүмжилж байв. Учир нь тус төвийн хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө “Сонтуу хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх” тухай заалтаас болж хэрэгтэн болоод байгааг ч тэрбээр дурьдаж байсан юм.

Харин “Мянган оргил” компанийн захирал М.Ганбаатар УИХ-аар хэлцэгдэх гэж байгаа Архины тухай хуулийн талаар эсрэг бодол санаатай яваагаа хэлсэн. Тэрбээр “ИТХ-ын дарга Х.Нямбаатар маш зөв ярьж байна. Өнөөдөр архи зарахыг хориглож, архины дэлгүүрийг цөөлсөнөөр архидалт буурахгүй. Үүний оронд архины зохистой,  соёлтой хэрэглээний талаар ярих ёстой” хэмээж байлаа.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж