Сангийн сайд хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Сангийн сайд хуулийн төсөл өргөн барилаа

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.02.28 / өргөн барилаа. Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээг тогтоосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг мөн ам.доллараар тогтоосон. Үүнээс үүдэн ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг. Харин ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хууль санаачлагч хэлэв.
 
Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль,  Ашигт малтмалын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Дээрх хуулиудад ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчмыг баримтлан боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж