Иргэдийг “Түр хамгаалах байр”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Иргэдийг “Түр хамгаалах байр”-тай боллоо

Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа “Түр хамгаалах байр”-ны нээлт өнөөдөр болов. Хуучин “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн зохион байгуулж,засвар шинэчлэлт хийж  ”Түр хамгаалах байр” болгосон нь энэ юм.

“Гэр бүл хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг Хууль зүйн сайдын 2014 оны А/12 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын мөн оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд шинээр байгуулж улмаар дээрх “Түр хамгаалах байр”-ыг харьяалуулж, өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа юм.
“Түр хамгаалах байр”-ыг Хууль зүйн яамны санхүүжилтээр засаж тохижуулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийг байрлуулах зориулалт бүхий  телевизор,ус шүүгч, ор хэрэгсэл бүхий нэг бүр нь 2-4 хүний багтаамжтай  8 өрөө, бага насны хүүхдүүдийг байршуулах өрөөнүүдтэйгээс гадна эмч, сэтгэлзүйчдийн тусламж үзүүлэх өрөөтөй аж. Мөн  хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг халуун хоол цайгаар хангаж байх 2 ээлжийн ажилчид бүхий гал тогоо, хооллох  хэсэгтэй.

Нийслэлийн хэмжээнд харьяалал харгазлзахгүйгээр 24 цагийн турш  хохирогчдод үйлчлэх Түр хамгаалах байранд удахгүй тусгай дугаарын утас байрлуулж иргэдээс дуудлага хүлээж авдаг болох юм байна. 18 жилийн турш төрийн бус байгууллагынхны нуруун дээр тохож ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах ажлыг ийнхүү анх удаа төр өөртөө хүлээж байна. Эхний удаад нийслэлийн хэмжээнд үйлчлэх нэг л байр нээж байгаа бол цаашид дүүргүүд болон аймаг орон нутагт энэ чиглэлийн үйл ажилалагааг нэвтрүүлэх шаардлага байна гэж Хууль зүйн яамнаас үзэж байгаа ажээ. Энэ тухайгаа ч “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн гэж Хуульзүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ярьж байлаа.

“Түр хамгаалах байр”-ны нөхцөл байдалтай Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржав, НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл,Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэсийн дарга Д.Ганзориг болон Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал Д.Энхжаргал тэргүүтэй хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл ирж оролцсон талаар Хууль зүйн яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж