С.Болд: Шаардлагатай тохиргоо хийгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

С.Болд: Шаардлагатай тохиргоо хийгдсээр байна

С.Болд:  Төгрөгийн бодит ханш урт хугацааныхаа тэнцвэр дээрээ ирж, нийт эдийн засаг, гадаад худалдаанд зайлшгүй шаардлагатай тохиргоо хийгдсээр байна


Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдоос эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, валютын ханшийн талаар дараах тодруулгыг авлаа.

Валютын ханшийн өсөлт энэ долоо хоногийн гол сэдэв болоод байна. Валютын ханш чангарсан хандлага, одоогийн нөхцөл байдлыг та нар хэрхэн дүгнэж байна вэ?

Монгол төгрөгийн ханш маань бодит хөрсөн дээрээ л бууж байна. Энэ үг хатуу сонсогдож, олон хүний дургүйг хүргэж ч магадгүй. Гэхдээ үнэнийг хэн ч үгүйсгэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн бодит ханш урт хугацааныхаа тэнцвэр дээрээ ирж, нийт эдийн засаг, гадаад худалдаанд зайлшгүй шаардлагатай тохиргоо хийгдсээр байна. Үүний үр дүнд гадаад худалдаа маань сард 170-200 сая ам.долларын алдагдал хүлээдэг байсан бол энэ оны эхнээс алдагдалгүй болох чиглэл рүүгээ ойртож эхэлж байна. Ноднин төгрөгийн бодит ханш 7.2 хувиар, нэрлэсэн үйлчилж буй ханш 15.5 хувиар тус тус суларсан. Ханшийн ийм орчинд гадаад худалдаа өнгөрсөн 1 дүгээр сард тэнцвэртэй болж, алдагдлын хэмжээ ердөө 16 сая ам.долларт хүрч, 2012-2013 оны мөн үеийн дунджаас 15 дахин буураад байна. Одоо экспорт дорвитой сэргэвэл гадаад худалдаа ашигтай болох найдвар харагдаж байгаа. Эдийн засгийн макро тэнцвэрийг хангах, олон жилийн турш хийгдэх гээд л хийгдэж чаддаггүй байсан гадаад худалдааны тохиргоог хийлгэх, дотоодын үйлдвэрлэл, экспортыг урамшуулах, импортыг зохистой болгоход эерэгээр нөлөөлөх ханшийн тэрхүү орчинг Монголбанк хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш ханшийн тодорхой түвшинг хамгаалах оролдлого хэзээ ч хийхгүй.  

Валютын ханш яагаад ер нь чангараад байна вэ? Төгрөгийн ханш сулрах дарамт байгаа нь яг юутай холбоотой вэ? Олон шалтгаан байгаа, гэхдээ яг үндсэн шалтгааныг нь тайлбарлахгүй юу?

2000-2010 оны хооронд гадаад худалдааны алдагдал жилд дунджаар 204 сая ам.доллар байж л дээ. Гэтэл 2011-2013 оны хугацаанд 10 дахин өсч, манай гадаад худалдаа жил бүр 2 тэрбум, сард дунджаар 170-200 сая ам.долларын алдагдал хүлээдэг болоод 3 жилийн нүүрийг үзлээ. Энэ нь бидний дотооддоо үйлдвэрлэж, гадагш нь зарж борлуулж олсон орлого маань гадаадаас оруулж ирж хэрэглэхдээ төлж байгаа төлбөрөөс жил бүр 2 тэрбум ам.доллараар дутаад л яваад байна гэсэн үг. Энэ нь олон шалтгаантай. Экспортын бүтээгдэхүүний үнэ буурч гадаад худалдааны нөхцөл муудсан, 2009 оны хямралын дараах онуудад дотоодын үйлдвэрлэл, хуримтлал гэхээсээ төсвийн хэт тэлэлтээр хэрэглээг дэмжсэнээр хэрэглээний импорт огцом нэмэгдсэн гэх мэт. Хэдийгээр гадаад худалдаа ийм өндөр алдагдалтай байсан ч, түүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөөд л яваад байсан юм. Гэтэл өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буюу 55 хувиар буурсны зэрэгцээ экспортын орлого бараг 0.8 тэрбум ам.доллараар багассан. Дээр нь гадаад валютын улсын нөөцөө зузаатгадаг дотоод эх үүсвэр болох алт тушаалт жил ирэх тусам л буурсаар байлаа. Ингээд зөвхөн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирэх валютын маань хэмжээ ноднин жил 3.2 тэрбум ам.доллараар буурсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үндсэн бөгөөд суурь шалтгаан нь юм.

Валютын урсгал сайн байсан бол, хөрөнгө оруулалт, экспорт огцом буураагүй бол, алтны худалдаа далд хэлбэрт ороогүй байсан бол ханш одоогийнхоос өөр байх байсан гэж та хэлэх гээд байна уу?

Мэдээж. Валютын урсгал хэдий чинээ сайн байна, төдий чинээгээр санхүүгийн болон макро тогтвортой байдал хадгалагдах баталгаа нэмэгдэнэ. Ер нь валютын урсгалаа тогтворгүй болгож, эдийн засагт валют орж ирэх сувгуудаа хааж боомилсноор тогтвортой хөгжих тухай ойлголт хэзээ ч байхгүй. Хэдий чинээ валют багатай, валют олох чадавхи нь тааруу байна, төдий чинээгээр нийт эдийн засгийн дархлаа сул байна. Иймд эдийн засгийн бүтцэд байгаа гажуудлыг засъя, эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийе, урт хугацаанд эдийн засгаа тогтвортой өсгөж дархлаатай болгоё, чанартай ажлын байруудыг бий болгож, дундаж давхаргаа дэмжие, хуримтлалтай болцгооё гэвэл валютын урсгал тогтвортой сайн байх нөхцөлийг л байнга хангаж өгч байх хэрэгтэй.  

Монголбанк ханшийг барьдаггүй, зөвхөн хэлбэлзэлтэй нь тэмцдэг гэж хэлдэг л дээ. Гэтэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг өчигдөр өглөө 1794 хүрсэн. Үүний эсрэг та нар ямар арга хэмжээ авч байна вэ?

Гадаад эдийн засгийн орчин муудаж, тэр нь дотоодын эдийн засагт урсгал тэнцэл, санхүүгийн данс гэсэн хоёр үндсэн сувгаар дамжин сөргөөр нөлөөлж, улмаар эдийн засагт хүндрэл үүсгэх үеэс эхлээд л Монголбанк гадаад валютын захад тогтмол оролцоотой явж ирлээ. Гэхдээ энэ оролцоо нь эдийн засгийн суурь үзүүлэлттэй нийцтэй байгаа ханшийн хандлагыг нь өөрчлөхөд бус, харин ханшийн хэлбэлзлийг аль болох зөөлрүүлж, нийт эдийн засаг дахь зайлшгүй тохиргоог аль болох алгуурхан, аядуу хийлгэхийг зорьдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бараа, үйлчилгээний үнийг аль болох нам, тогтвортой түвшинд байлгах явдал болохоос төгрөгийн аль нэг гадаад орны валютын эсрэг тогтож байгаа нэрлэсэн ханшийг барих асуудал огтхон ч биш юм. Улирлын онцлог, нөлөөлөл ихтэй манай эдийн засагт оны эхний улиралд валютын орж ирэх урсгал харьцангуй бага, валютын эрэлт өндөр байдаг үед нь бид эдийн засаг дахь улирлын хэлбэлзэл, нөлөөллийг бага байлгах зорилгоор валютын захад тогтмол оролцож л байна.

Он гарсаар эдийн засагт ямар өөрчлөлтүүд бий болов? Нөхцөл байдал сайжрах дүр зураг харагдаж байна уу?

Зайлшгүй шаардлагатай байсан суурь өөрчлөлтүүдээс зарим нь аль хэдийнэ хийгдсэн учраас 2014 оны дүр зургийг өнгөрсөн оныхоос эерэг болно гэсэн хүлээлттэй байна. Тиймдээ ч бид мөнгөний бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Манайд хөрөнгө оруулалтын урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх суурь хөрс бүрдсэн, хөрөнгө оруулалтыг дэмжих, алт олборлолт, тушаалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлж байгаа зэрэг нь валютын урсгал болоод Монголбанкны алт худалдан авалтад ч эерэг өөрчлөлтүүд бий болгож эхлээд байна.

Тухайлбал, ямар эерэг өөрчлөлт гарсан гэж?

Зарим тоо баримт дурдахад оны эхний хоёр сард валютын нийт орох урсгал 23 хувиар өсч, гарах урсгал 2 хувиар буурсан байна. Нүүрснээс бусад экспорт, ялангуяа зэсийн баяжмалын экспортын орлогод сэргэх хандлага гарч эхэллээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 31 хувиар, үүний дотор уул уурхайн салбарынх 35 хувиар, ашигт малтмалын бус салбарынх 20 хувиар өссөн байна. Валютын орох урсгалд ийнхүү эерэг өөрчлөлт гарч эхэлсний зэрэгцээ валютаа гадагш урсгахгүй байх чиглэлийн өөрчлөлт ч бас харагдаж байна. Тухайлбал, импортын төлбөрт төлсөн валютын хэмжээ 8 хувиар буурсны дотор хүнснийх 27 хувиар, өргөн хэрэглээ, гэр ахуйн барааных 7 хувиар, барилгын материалынх 11 хувиар, шатахуун, тослох материалынх 19 хувиар тус тус буурчээ. Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөв. Нөгөө талаар бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээл дэх тодорхой бус байдал бага багаар арилж, энэ онд дэлхийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон макро динамикт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарах хүлээлттэй байна.

Монголбанкны валютын нөөц ямар түвшинд байна вэ?

Сүүлийн саруудад гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 2.2-2.4 тэрбум ам.долларын хооронд тогтвортой байна. Валютын албан нөөцөөс гадна бидэнд 10 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн шугам бий. Тэгэхээр валютын нөөцийн позицийн хувьд макро тогтвортой байдлыг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд байгаа. Үүний сацуу банкууд өөрсдөө бие дааж гадаад валютын урт хугацаатай эх үүсвэрийг гаднаас татах, оруулж ирсэн эх үүсвэрт валютын ханшийн эрсдэлийг удирдах бүхий л нөхцөл боломжийг Монголбанкнаас хангаж өглөө. Тухайлбал, 3 ба түүнээс дээш жилийн хугацаагаар гаднаас эх үүсвэр татсан тохиолдолд түүнийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөхөөр болсны зэрэгцээ Монголбанк банкуудын татсан гадаад валютын эх үүсвэрт урт хугацаатай своп хэлцэл хийх боломжтой болсон. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн гадаад орчин, дотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад банкууд гадаад валютын урт хугацаатай эх үүсвэр татах боломжтой байгаа юм.

Ярилцсанд баярлалаа

Б.ТОГТОХСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж