Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэтэй ярилцлаа.
-Москвад болсон УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаар ямар асуудлууд хэлэлцэж, ямар шийдэлд хүрэв?
-Арав гаруй асуудал хэлэлцлээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллаж байгаа төмөр замын ерөнхий хорооны Монголын талын гишүүд асуудлаа урьдчилж сонсч, дараа нь байр сууриа нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл, нэг баг болж байр сууриа хамгаалж, асуудлаа хэлэлцүүлж батлуулдаг болсон. Энэ удаагийн ээлжит хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэл оролцлоо. Өмнө нь ингэж улсын Элчин сайд оролцож байгаагүй учраас талуудад хүндэтгэлтэй санагдсан. Ерөнхий хорооны хурлаар 2014 онд төмөр замаар хэчнээн тонн транзит тээвэр хийхийг нарийвчилж судалж ирэх сарын 15-нд болох Ерөнхий хорооны хурлаар батлахаар хойшлуулсан. Үүнээс өөр төлөвлөсөн бусад асуудлаа бүрэн шийдвэрлэсэн.
-Олон нийт энэ хурлаас Төмөр замын даргын томилгоог илүүтэй сонирхож байсан. Одоо үүрэг гүйцэтгэж байгаа Г.Сэрээнэндоржийг жинхлэх үү, эсвэл оронд нь орос хүн томилох уу гэсэн хувилбарууд ярьсан гэх юм. Хурал дээр яг ямар процесс болсон бэ?
-Төмөр замын даргад орос хүнээ томилно гэж Оросын тал, Г.Сэрээнэндоржийг өрсөлдүүлэх, эвсэл өөр хүн томилуулна гэж Монголын талаас нэр дэвшүүлсэн зүйл байгаагүй. Одоо замын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Г.Сэрээнэндоржийн хугацааг сунгах санал орж ирсэн. Ерөнхий хорооны гишүүдийн 100 хувийн саналаар нэг жилийн хугацаатай сунгасан. Ийм шийдвэр гаргахын өмнө ерөнхий хорооны дарга Морозов манай талын гишүүдээс тодруулга авсан. Г.Сэрээнэндорж дарга төмөр замынг ямар төвшинд хүргэсэн, хэрхэн удирдаж байгаа талаар асуусан. Миний бие Монголын талын дүгнэлтийг танилцуулсан. Үүнээс өөр ямар нэгэн санал гараагүй. Олон нийт үүрэг гүйцэтгэгчийг эрх мэдэлгүй, ажлын эрч хүчгүй ажилладаг гэдэг үүднээс хандах тохиолдол байх шиг байна. Г.Сэрээнэндорж төмөр замын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр жил ажиллалаа. Тэр хүн энэ хугацаанд “би үүрэг гүйцэтгэгч шүү” гэдэг байдлаар ажилд огт хандаагүй. Харин ч төмөр замын ажил маш сайн урагшилж, үр дүн гарсан. Тийм учраас л төмөр замчдыг мэргэжлийн төмөр замчнаар үргэлжлүүлж удирдуулах нь зөв гэдэг дээр Ерөнхий хорооны гишүүд санал нэгдсэн.
-Манай талаас ямар дүгнэлт танилцуулсан юм бэ?
-Өмнө нь төмөр замыг нийгмийн хөгжилд тушаа, саад болж байна гэж шүүмжилдэг байсан. Энэ шүүмжлэлээс төмөр замыг Г.Сэрээнэндорж гаргаж чадсан. Ганцхан жишээ хэлэхэд, Замын-Үүд дээр цемент 45 хоног саатдаг байлаа. Үүнийг долоо хоногийн дотор татах арга хэмжээг авсан. Ингэснээр 2013 оны улсын бүтээн байгуулалтад ашиглах цементийн үнэ өсөөгүй, цементийн тээвэр саатаагүйн дээр хангалттай нөөцтэй байх боломжийг бүрдүүлсэн. Замын засвар үйлчилгээг сайжруулснаар техникийн болон хэсгийн хурд нэмэгдсэн. Өнөөдөр ажиллаж байгаа хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ашиглаж чадаж байгаа. Одоогоос 2-3 жилийн өмнө Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хоёр талын Засгийн газар хийсэн. Үүнээс Оросын талын хөрөнгөөр 30 зүтгүүр авсан байдаг. Энэ 30 зүтгүүрийн хүчин чадлыг өнгөрсөн онд бүрэн ашиглаж, 5000 тонны ачаа татлаа. Төмөр замчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, цалин хөлсийг нэмлээ гэх зэргээр нэлээд баримттай, тооцоо судалгаатай дүгнэлт танилцуулсан.
-Өнгөрсөн жил төмөр замаар 20 гаруй сая тонн ачаа тээвэрлэсэн нь хамгийн их ачаа тээвэрлэсэн жил болсон гэж ярьж байгаа. Энэ ачаа тээврээс улсын төсөвт болон улсын хэмжээнд үзүүлсэн эерэг нөлөөлөл нь юу байв?
-Нийт тээвэрлэсэн 21 сая тонн ачааны дийлэнх нь нүүрс. Нүүрсийг Улаанбаатар төмөр зам одоо ч алдагдалтай тээвэрлэж байгаа. Энэ бол улсын эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдралд Улаанбаатар төмөр замаас оруулж байгаа хувь нэмэр. Нүүрсний тээврийн үнийг нэмбэл эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Эрчим хүчний үнэ нэмэгдэхээр иргэдийн халааснаас л илүү мөнгө авна. Нийт тээврийн 60-70 хувьд нь нүүрс тээвэрлэж, зорчигч тээврийг 30-аад тэрбум төгрөгийн алдагдалтай тээвэрлэж байна. Энэ болгон нь улсад төлж байгаа татвар гэхээсээ илүү иргэдэд үзүүлж буй эерэг өгөөж, халамж үйлчилгээ юм.
-Төмөр замыг мэргэжлийн төмөр замчин удирдах, улс төрийн томилгоотой хүн удирдах, улс төрийн нөлөөлөл орж ирэхийн ялгаа та бүхэнд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Мэргэжлийн төмөр замчин, улстөрч хүн удирдах нэг өөр. Харин асар их улс төрийн туршлагатай ч төмөр замын огт мэдлэггүй хүн удирдахын хооронд маш том ялгаа бий. Уулын мод урттай богинотой гэдэг шиг төмөр замын удирдлагын төвшинд янз бүрийн үзэл бодолтой, байр суурьтай олон хүн байна. Ийм хүмүүс удирдлагынхаа салбараа мэдэхгүйг далимдуулж янз бүрийн эрх ашиг шургуулж, алдаа гаргадаг байсан. Би Т.Очирхүү даргыг муулж байгаа юм биш. Т.Очирхүү дарга бол том улстөрч, төмөр замыг хоёр жил гаруй удирдаж, болохоос нь болохгүй нь хүртэл ажилласан. Төмөр замын үйл ажиллагаа ч хэвийн явагдаж байсан. Гэхдээ л Замын-Үүдийн тэр бөглөрлийг өөрчилж чадаагүй байх жишээтэй.
-Төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг хэдхэн том аж ахуйн нэгжийг сонгуульд ялсан намынхан, улстөрчид “бялуу” болгож хардаг. Төмөр замд өнөөдөр тийм улс төрийн нөлөөлөл байхгүй хэрэг үү?
-Миний хувьд төмөр замд улс төрийн нөлөөлөл байхгүй гэж харж байгаа. Г.Сэрээнэндорж өөрөө аль нэгэн улс төрийн намын гишүүн биш. Энэ хүнийг Засгийн газар, Зам тээврийн яам төмөр замын сайн мэргэжилтэн гэдэг үүднээс сонгосон байх. Төмөр замын үйл ажиллагааг илүү сайжруулна гэж харсан байх. Улстөрчийг УБТЗ-ын даргаар томилох тухай удаа дараа ярьж байсан ч тэр нь биеллээ олоогүй. Тэгэхээр төмөр замд улстөр байхгүй гэж л хэлмээр байна.
-Төмөр замаар тээвэрлэх ачаагүй болсон, санхүүжилтгүй учраас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, ажилчдаа цалингүй амрааж байгаа гэсэн мэдээллүүд гарч байна. Энэнд та ямар тайлбар хийх вэ. Уг нь та ажилчдынхаа талд явах ёстой албан тушаалтан биз дээ?
-Би Вагон депогийн үйлдвэрчний хорооны дарга байхдаа хууль бус үйл ажиллагааны талаар олон жил тэмцэл хийж, тухай бүрт нь зөв замд нь оруулахыг хичээдэг байсан. Төмөр замын захиргаанд асуудлаа тавьж шийдвэрлүүлдэг байсан. Харин өнөөдөр миний эрх ашиг хохирчихлоо, бид хохирч байна гэсэн гомдол алга. Ийм нөхцөлд би өнөөдөр хий орилоод яах юм бэ. Ямар ч шаардлага байхгүй. Дуугарахгүй байхаар худалдагдчихлаа гэж зарим хүн бодоод байх шиг байна. Ерөнхий хорооны гишүүн болоод дуугарахаа болилоо гэсэн шүүмжлэл ч бий. Гэтэл харин ч Ерөнхий хорооны гишүүнээр Үйлдвэрчний холбооны төлөөлөл, төмөр замчдын төлөөллийг анх удаа оруулснаар төмөр замчдын дуу хоолой дээд удирдлагадаа үнэн зөв хүргэх эрүүл уур амьсгал бий болсон. Зарим хүн үүнийг улстөржүүлэх гээд байгаа хандлага ажиглагдаж байгаа.
-Тэгвэл төмөр зам санхүүжилтгүй болж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, тээвэрлэх ачаагүй болсон тухайд?
-Төмөр зам зарим хэвлэлээр бичсэн шиг санхүүгийн хүнд байдалд орж, тээвэрлэх ачаагүй болсон уу гэвэл үгүй байна. Үүнийг манай жирийн төмөр замчид ч хэлнэ. Тээвэрлэх ёстой ачаа тээврээ тээж байна, орох ёстой орлогууд орж байгаа. Харин жил болгоны эхний саруудад тээвэрлэх ачаа жаахан багасдаг. Яагаад гэхээр он гараад Оросын баяр таарч 15 хоног амарч, үргэлжлээд хоёр, гуравдугаар сард Монгол, Хятадын Цагаан сар таарч сар гаруй зогсонги, амралтын байдалд байдаг. Үүнээс болж жил болгоны эхний гурван сарын тээвэр бага байдаг. Энэ бол өмнө нь ч байсан, түр зуурын л асуудал. Ганц төмөр зам гэлтгүй бүх салбарт иймэрхүү хүлээлт байгаа.
-Гэхдээ цалингаа тавьж чадахгүй, хүмүүсээ амраагаагүй юм байгаа биз дээ?
-Өнөөдрийн байдлаар ажилчдаа хүчээр амраасан зүйл огт байхгүй. Харин Цагаан сарын битүүний өдөр найман цагийн ажилтай ажилчид хүсвэл амарч болно гэсэн. Төмөр замд зургаан мянган хүн өдрийн найман цагаар ажилладаг. Битүүний өдөр хүсэлт бичиж өгөөд амарсан ажилчид бий. Түүнээс биш, хавтгайруулаад хэдэн сараар нь амраасан зүйл байхгүй. Цалингийн мөнгө шилжүүлдэг “Голомт”, “Хасбанк” хоёр төмөр замын аж ахуйн нэгжүүд найдвартай байгууллага гэж үзээд цалингаа бодож өгсний дараа санхүүжилт нь орж ирсэн ирээгүй шууд картанд оруулчихдаг. Санхүүжилт орж ирэх нь тодорхой гэж итгээд шилжүүлдэг. Харин зарим банк зөвхөн санхүүжилт орж ирснийх нь дараа карт руу нь шилжүүлдэг. Үүнээс болж цалингаа 2-3 хоногийн зөрүүтэй авсан зүйл гарсан. Харин олон сараар цалингаа өгөхгүй байгаа асуудал гараагүй. Олон сараар цалингаа аваагүй бол манай төмөр замчид юу гэж зүгээр суух вэ дээ.
-Ер нь төмөр замыг хангамж сайтай, цалин өндөр гэж ярьдаг. Одоогийн нөхцөл байдалд, төмөр замчин дарга удирдаад сайн ажиллаж байгаа тохиолдолд ажилчдын цалин, хангамж хэр байгаа вэ?
-Төмөр замын ажилчдын дундаж цалин сая төгрөгт хүрсэн. Салбарын сайдаас төмөр замчдын цалинг нэг саяд хүргэх чиглэл өгсөн. Энэ дагуу хамтын гэрээнд зааснаар өнгөрсөн жил 20 хувиар нэмэх байсан ч 15 хувиар цалинг нэмсэн. Улсын хэмжээнд өндөр цалинтай салбарын жагсаалтад төмөр зам дөрөвт эрэмбэлэгдэж байгаа.
-Нүүрсний тээвэр багасч байгаа нь нүүрсний олборлолттой холбоотой байна уу. Өөр ямар нэгэн шалтгаанаас болж тээвэрлэлт багасч байна вэ?
-Манайх дөрвөн төрлийн нүүрсийг тээвэрлэдэг. Ахуйн хэрэгцээний нүүрс буюу Засгийн газрын шигшсэн нүүрс гээд байгаа шуудайлсан нүүрсийг хатуу графикийн дагуу тээвэрлэж байна. Мөн ТЭЦ-ийн нүүрсийг тээвэрлэдэг. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ оноос нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ. Энэ хэмжээний цемент үйлдвэрлэхэд маш их нүүрс ордог. Үүнийг төмөр замаар тээвэрлэдэг. Дөрөвт экспортын нүүрс тээвэрлэдэг. Гэхдээ одоогоор экспортын нүүрс явж эхлээгүй байгаа. Тээвэрлэлтийн тарифуудыг нэмэх асуудлаар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж 2013 онд Ерөнхий сайдад таван удаа санал тавьж байж нэмүүлсэн. Энэ он гараад зөвхөн нүүрсний тарифыг 10 хувиар нэмүүлсэн. Энэ нь төмөр замчдад Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг юм.
-Таны ярьж байгаагаар экспортын нэг ч тонн нүүрс тээвэрлээгүй байгаа юм байна. Тийм үү?
-Ер нь төмөр замаар экспортын нүүрс өмнө нь гарч байгаагүй, одоо ч гараагүй байна. Харин 2014 оноос Эрээн дээр нүүрс хүлээж авах зам талбайг бэлдэж байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Их тэнгэр”-т болсон гурван улсын Засгийн газар хоорондын уулзалтаар ярьсны дагуу төмөр замаар Эрээн рүү жилд дунджаар гурван сая тонн нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Экспортын нүүрсийг өмнө нь зөвхөн авто замаар тээвэрлэж байсан. Энэ оноос Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх гэж байна.
-Төмөр замын монополь байдлыг хэр задалж байна вэ. Хувийн хэвшлийн төмөр замуудыг зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг үзүүлж байна уу?
-Улаанбаатар төмөр замыг монополь гэдэг. Гэтэл Улаанбаатар төмөр замтай төмөр зам биш юм аа гэхэд авто тээвэр өрсөлдөж байгаа шүү дээ. Жишээ нь, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон авто зам ашиглалтад орсноос хойш энэ чиглэлийн төмөр замын ачаа зорчигч тээврийн ачаалал эрс буурсан. Зорчигчийн тээшний тээвэр буурч, вагоноор тээвэрлэгддэг байсан том ачаануудыг автозамаар, ачааны машинаар явж байна. Энэ нь зах зээл дээр төмөр замтай өрсөлдөөн бий болсныг харуулж байгаа юм. Хувийн төмөр зам болох Монголын төмөр зам, “Болдтөмөр Ерөө гол” компани манай замыг ашиглаж тээвэрлэлт хийж, бид хамтарч ажиллаж байна.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин