“Тархины хог” буюу гээсэн заншлаа сэргээе

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

“Тархины хог” буюу гээсэн заншлаа сэргээе

Урд тань алхаж яваа хэн нэгэн гудамжинд хээв нэг хог хаячихвал “Та юмаа унагачихлаа” гээд хэлээд үзээрэй. Эргээд харахад нь харин "гээж орхисон" хогийг нь заагаарай. Ийм уриалгыг хэсэг залуус дэвшүүлжээ. Үнэхээр ч бидний дунд гудамж талбайд хог хаяхыг  ердийн үзэгдэл, байх л ёстой зүйл мэт санадаг нь цөөнгүй байна. Мэдээж олонх нь хог хаяхаас татгалздаг гэдэгт итгэлтэй байгаа шүү.  Хэдхэн алхмын цаана харагдах хогийн сав руу алхахаас төвөгшөөж, чихрийн цаас, тамхины иш, жимсний хальс, зажилсан бохио хээв нэг шидэж орхих хүмүүсийг харахаас ичмээр. Түүний  үлдээсэн хог хуримтлагдсаар хот бүхэлдээ хогонд дарагдсан гундуу зүстэй болдог. Өөрсдийнхөө тарьсан хогийг цэвэрлээгүйн төлөө зам талбайн үйлчлэгч болон хотын дарга, удирдлагуудыг харааж зүхэх нь хачирхалтай.

Хөл дор нь хэн нэгний хаяж гээсэн хэтэвч, банкны карт, алт үнэт эдлэл, цэнэглэж амжаагүй нэгж хэвтэж байвал захын хүн тойроод гарах бус тонгойгоод авна. Гэтэл хогийг бол санаатай санаандгүй байдлаар унагачихлаа гэхэд тонгойж аваад  зориулалтын сав руу нь хийчих сэтгэл байхгүй нь харамсалтай. Япон, солонгос хүмүүсийн хувьд хогийг ангилан ялгаж, өөрөө хаяагүй байсан ч хогийг саванд нь хийж заншсан байдаг. Энэхүү дадлыг багаас нь суулгадаг бөгөөд нийтийн эзэмшилд хогоо ил задгай хаях нь гадуур нүцгэн гүйхтэй ижил ичгэвтэр хэрэг гэж тэд боддог. Мөн хогийг шил, лааз, хоолны үлдэгдлээр нь ялгадаг төдийгүй хэрэгцээнээс гарсан эд зүйлсээ угааж цэвэрлэн, хувцсыг бол хими цэвэрлэгээнд өгч байж зориулалтын саванд хийж үлдээдэг. Гудамжинд явж байгаад хэн нэгний санаандгүй унагасан хаягдлыг хогийн сав руу хийхийг тэд өөрсдийн үүрэг гэж сэтгэдэг бол манайхан “Тэгж ч доошоо орохгүй шүү” гэсэн тэнэг бодлоор бардамнана. Хариуд нь тэд цэвэр орчинд хамтдаа эвтэй аж төрөх бол бид хий хоосон бардам зантай ч бохир орчинд бие биеэ хялайн, хараан бөөн бухимдал дунд амьдарч байна.

Хог шороо бургиж, эвгүй үнэр хамар ам цоргисон орчинд хүн инээж чадахгүй нь ойлгомжтой. Овоолсон хогийг тойроод гарлаа ч бухимдал, уур уцаар дагалдсаар нийтийн унаанд сууж, хамгийн түрүүн тааралдсан хүнээ аашилж загнан стрессээ тайлах нь энүүхэнд. Иймэрхүү бараан дүр зургийг хотын захад бол хаанаас ч харж болно.Үүнийг л бид “Тархины хог” хэмээн нэрлэж, цуврал нийтлэл бичиж байгаа билээ. Хогийг зориулалтын саванд, зориулалтын газарт хаях дадлыг балчир наснаас нь суулгадгийг Азийн зарим орны туршлага харуулдаг. Солонгосчууд хүүхдээ эртэч болгохын тулд өөрсдөө үүрийн жингээр босч, уйлж урваганах нялхсаа аргадаж аяглахыг хараад төвөгтэй санагдсаныг нуух юун. Гэвч тэгсний хүчинд солонгосчууд нийтээрээ эртэч, ажилсаг болсон юм билээ. Бидний өвөө эмээгийн хүүхэд хүмүүжүүлэх арга ч мөн тийм л байсан. Үүр хаяарахад л үнээ малаа сааж эхлэхгүй бол саахалтынхандаа ад шоо үзэгдэнэ. Өрөм тарагны ажил нь ч амжихгүй. Хог хаяна гэж нүдний гэм. Суурьшсан газартаа нүх ухаж хог хаягдлаа булж булшлахын дээр өтөг бууцаа хүртэл түлш түлээ болгочихоор малчин айлаас хог үлддэггүй байж.  Ийм л хүмүүжлээр өсч торнисон хөдөө нутгийнхан харин хотод ирэхээрээ хамгийн ихээр хог таригчид болон хувирч байна. Унаган Улаанбаатарчууд нь үүнийг “хотжоогүйн харгай” гэж тайлбарладаг. Хөдөө талд дураар өссөн хэдий ч хог хаяхгүй байх хэмжээний ухамсар хөдөө гаралтай хүмүүст хангалттай бий.

Тэгвэл хэн хог хаяад байна вэ. Хогоо хийх сав багадав уу, хот сууринд амьдарч сураагүйгээс болоод байна уу гэхчилэн олон асуултыг эргэцүүлэн бодоод хогийг зориулалтын саванд хийж заншаагүйгээс гэсэн ганц хариулт гарч байна. Түүнээс хаяхаа хүрвэл хогийн саваар хүрээлүүлж амьдраад ч хаяж л орхино. Тиймээс бяцхан үрсээ нэг настай нялх сэвлэгтэй байхаас нь идсэн чихрийн цаас, жимсний хальсаа хогийн саванд хийдэг зушилд сургая. Хог хаяхыг ичгүүртэй үйлдэл гэж ойлгуулъя. Ингэж л гэмээнэ ирээдүйн иргэд маань хогноос ангид аж төрөх болно. Эртнээс уламжилж ирсэн ч хэзээ, хаана гээснээ мартсан хоггүй аж төрөх заншлаа сэргээе.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж