Мөрдөн байцаалт удахгүй дуусна

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаалт удахгүй дуусна

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан байж болзошгүй 21 настай бүсгүйн талаарх мэдээлэл хоёр сар гаруйн хугацаанд анхаарлын төвд байсан билээ. Хэргийн талаарх элдэв мэдээ мэдээлэл, баримт, мэдэгдэл ар араасаа хөвөрсөөр хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж байгааг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мэдээлээд байгаа юм. 

“Миний охиныг байнгын дарамтад байлгасан”

Талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид “Охиныг минь Г.Алтанхүү байнгын дарамт шахалт зодуурт байлгаж байсан. Мөн найз залуугийнхаа зодуураас болж элэг, цөс, тархиндаа хүнд гэмтэл авснаас хагалгаагаа даалгүй нас барсан” гэж мэдээлээд байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, шинжээчдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм. Шинжээчдийн хоёр дахь удаагийн дүгнэлтийг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байна.

Талийгаач архины хамааралтай нэгэн байсан уу?

Бүсгүйн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хоёр ч удаа задлан шинжилгээ хийсэн. Эхний дүгнэлтээр талийгаач бүсгүйг “гадны нөлөөгүй” амь насаа алдсан гэх хариу гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь эсэргүүцэн дахин задлан шинжилгээ хийлгэх хүсэлт тавьснаар хоёр дахь удаагаа ийнхүү шинжилгээ хийсэн юм. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд “Г.Алтанхүү нь талийгаачийг амиа алдахаас ес хоногийн өмнө зодсон гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач бүсгүй архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас элэг нь муудаж, дотор эрхнүүдэд муугаар нөлөөлснөөс амь алдсан гэх дүгнэлт гарсан” гэх тайлбар өгсөн юм.

Шинжээчдийн багт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Улсын эмнэлгийн урдаа барьдаг тэргүүлэх зэргийн эмч нар багтсан учраас шинжээч нарын дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд байна.

Г.Алтанхүүгийн гомдлоор М.Ичинноровоос байцаалт авчээ

Талийгаач бүсгүйн талаар анх хэвлэл мэдээллээр гарч эхлэх үед олон ч хүн Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноровт энэ хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлэх хүсэлт илгээсэн байдаг. Үүний дагуу М.Ичинноров энэ хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж, талийгаачийн ар гэрийнхний хамтаар мэдээлэл хийж, хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлын төвд оруулсан гэж хэлэхэд болно. Харин сэжигтэн Г.Алтанхүү өмгөөлөгч М.Ичинноровыг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэрэгт буруутган, цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Сэжигтний гаргасан гомдлоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс өмгөөлөгч М.Ичинноровоос хэд хэдэн удаа байцаалт авчээ. Гэхдээ түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй, зарим нэг тодруулах зүйл гарсан тул мэдээлэл авсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж