С.Ганбаатар Гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар Гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардав

 Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг ирэх гуравдугаар сард багтаан хийх ёстой хэмээн үзэж буйгаа өнөөдөр сэтгүүлчдээр дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу одоогоос яг нэг жилийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгч байсан аж. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн зургаан жилийн хугацаанд үнийн өсөлттэй холбоотой асуудлууд, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудалд онцгой анхаарч ажиллаж ирснийг тэрбээр дурдаад Гурван талт хэлэлцээрээр тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2007 онд 67500 төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300, 45600 төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 172200 төгрөг болтол нэмэгдүүлсэн хэмээлээ.

Хэдий тийм боловч өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэтэрч, энэ байдал тэтгэврийн ахмадууд, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан, цагдаагийн ажилтнууд зэрэг төрийн албан хаагчдад хүндээр тусч, хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүмүүсийн амьдрал, орлогод шууд нөлөөлж байгаа учир ийн мэдэгдэхэд хүрлээ гэж тэрбээр хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэргүүтэй нийгэм, иргэний төлөөллүүд дуу хоолой нь суларч байгаадаа дүгнэлт хийн, ахмадууд, ажил хийж байгаа иргэдийнхээ төлөө тэмцээч гэж уриалж байна гэлээ.

Тэрбээр өнөөдрөөс эхлээд Гурван талт хэлэлцээрийг ил тод, шуурхай эхлүүлж, тэтгэвэр, тэтгэмж, цалингаа дахин ярилцахыг шаардаад, асуудалд бодитой хандаж, судалгаа, тооцоонд үндэслэн хүрсэн үр дүнгээ нийтэд мэдээлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж