Тамхидалт эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Тамхидалт эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна

 Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын дарга Н.Гансүх, Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд, НМХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх нар энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2014.02.28/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль хэрэгжих шатандаа маш олон сайшаал болон шүүмжлэлийг дагуулж ирсэн. Сайшаалтай тал нь гэвэл дотоод орчинд тамхи татахгүй болсноор хоолны газар, баар, ресторанд гэр бүлээрээ ая тухай үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн, албан байгууллагуудын дотоод нөхцөл сайжирч, ажил хийх ая тухтай цэвэр орчин бүрдсэн. Маш олон иргэд хууль батлагдан гарснаас хойш тамхинаас гарсан, ялангуяа хүүхдүүдийн дундах тамхидалт багасаж байгаа, эмэгтэйчүүдийн тамхидалт эрс багасаж байгаа гэсэн ололттой талууд байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг онцоллоо. Харин сургуулиас 500 метр дотор тамхи зарахыг хориглосон заалтын хэрэгжилт муу байна, хууль бусаар тамхи зарах байдал байсаар байна, тамхины цэгүүдийг бий болгоогүйгээс хаа сайгүй гудамжинд тамхи татаж байна гэсэн шүүмжлэлүүд их байгаа. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэд хэдэн шалгалт явуулсан. Шалгалтаар зарим нэг баар, ресторанууд дотоод орчиндоо тамхины өрөө нээсэн тохиолдлууд илэрч байгаа нь хуулийн гол заалтыг зөрчиж байгаа том дутагдал. Хууль гараад мөрдөгдөж байгаа нөхцөлд аж ахуйн нэгж, иргэн хүн хуулийг даган биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхгүй, хуулийг үл тоомсорлож байгаа аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнтэй тооцох хариуцлагыг цаашид нэмэгдүүлж ажиллана. Энэ онд хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг эрс сайжруулахад нэлээдгүй ажил төлөвлөөд байна. Хэрэв аж ахуйн нэгжүүд хуулийг үл тоомсорлон дотоод орчинд тамхи татуулах явдлыг өөгшүүлээд байвал тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаах хүртэл хатуу арга хэмжээ тооцох хуулийн заалт оруулна. Хуулийн заалтыг зөөлрүүлсэн ямар нэг хуулийн өөрчлөлт оруулахгүй, харин хариуцлагыг илүү чангатгах, хуулийг албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан мэдээлэлдээ, хууль батлагдсанаар ямар үр дүнд хүрэв гэдэг хамгийн чухал зүйл. Өнөөдрийн байдлаар монгол хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай олон хүчин зүйл бий. Түүний дотроос тамхидалт асар их хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Энэ хуулийг цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бол хуулийн зарим заалтыг чангалах хүртэл арга хэмжээ авья гэсэн бодолтой байгаа. Дэлхий нийтийн тамхитай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаанд 3-5 жилийн дотор эхний үр дүн гарч эхэлсэн байдаг. Иймд монгол хүний эрүүл мэндийн төлөө хувь хүн, албан байгууллага бүр дор бүрнээ хамтарч ажиллах нь чухал гэлээ.

Мөн мэдээллийн үеэр архидан согтуурахтай тэмцэх асуудлыг хөндсөн юм. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөснийг Л.Эрдэнэчимэг гишүүн дуулгаад, өнгөрсөн долоо хоногт СХД-ийн 4 иргэн архинд хордож нас барсан үйл явдал нь энэхүү хуулийг яаралтай гаргах шаардлага байгааг харуулж байна гэлээ. Хуулинд орж байгаа нэмэлт, өөрчлөлтөөр 18 градусаас дээш хатуулагтай архийг цөөн тооны тусгай дэлгүүрээр худалдаалах юм байна. Ийм нөхцөлд гарал үүсэл тодорхойгүй, акцизгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих боломж үндсэндээ хаагдах аж. 8 нэрийн барааны дэлгүүрүүдээр зарагдаж буй хатуулаг өндөртэй архийг өнөөдөр хянах боломж муу байгаагаас эрдэнэт хүний амь хохирох тохиолдолд хүргэж байгаад анхаарал хандуулах цаг болсон гэдгийг гишүүд онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж