Тэрээр МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөөд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаарх дуу хоолой сул, гурван талт хэлэлцээр хийх ёстой хүмүүс нь цаг үеэ олохгүй байна гэв. Түүнчлэн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МҮЭХ үнийн өсөлттэй холбоотой асуудалд онцгой анхаарч, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байсан. Гурван талт хэлэлцээрээр тулгамдсан асуудлыг цаг тухайд нь хэлэлцүүлдэг байсан. Тухайлбал, 2007 онд 67500 төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300, 45600 төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 172200 болгосон зэрэг амжилттай ажиллаж ирсэн. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа нь төрийн албан хаагчдын амьдралд хүндээр тусч байгаа учраас эмч, багш, цагдаагийн байгууллага зэрэг төрийн албан хаагчдын цалин, хувийн хэвшлийхний цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцолсон. Тиймээс гурван талт хэлэлцээрийг яаралтай хуралдуулж, төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийхний цалин нэмэгдүүлэх, тооцоо судалгааг яаралтай хийж, ширээний ард суух болсныг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нийгэмд бий болсон баялгийг буцаагаад хуваарилдаг зарчим байдаг. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байхад тэтгэвэр, тэтгэмж, хувийн хэвшилд ажиллаж байгаа нь нийгэм даяар бухимдахад хүргэж байна. Гурван талт хэлэлцээрийг ажиллуулж, эхлүүлэх шаардлагатайг уриалж байгаа. Тэтгэврийн нэмэгдэлд иргэд маш их бухимдалтай байна. Тиймээс тэтгэврийг нэмэх нь зөв байсан уу, хэдий хэмжээгээр нэмсэн энэ тооцоо судалгаа, үндэслэлтэй байна гэдгийг гурван талт хэлэлцээрээр хэлэлцэж, бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй байна. Гурван талт хэлэлцээрийн удирдлагууд арчаагүй, сэтгэлгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.